"Тавантолгой түлш" ХХК-ийн дарга Ц.Даваацэрэнг АТГ-аас шалгаж эхэлжээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй бөгөөд гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийн их хэмжээний мөнгө хураан авсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах төмөр замын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон байж болзошгүй аж.
Ц.Даваацэрэн нь өнгөрсөн дөрөвдүгээр сард тус үйлдвэрийн даргаар томилогдсон юм. Тэрбээр 2016 онд "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар ажиллаж байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медипас" эмнэлгийн барилгыг Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай "Медикал" ХХК-д нэг ч төгрөг авалгүйгээр 18 жилийн гэрээ байгуулж хувийн компанид шилжүүлсэн. Түүнийг эл эмнэлгийн асуудлаар АТГ шалгаж болзошгүй байна.