СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол эмэгтэйд бодит хүн гэж итгүүлэн романс үүсгэж 77 мянган ам.долларыг нь залилсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол эмэгтэйд бодит хүн гэж итгүүлэн романс үүсгэж 77 мянган ам.долларыг нь залилсан хэрэг гарчээ

Монгол эмэгтэйтэй утсаар ярилцаж бодит хүн гэж итгүүлэн романс үүсгэж 77 мянган ам.доллар залилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Фэйсбүүк хаягаар өөрийгөө АНУ-ын иргэн Aliso Camelove гэж итгүүлж Монгол эмэгтэй О-той танилцан утсаар удаан хугацаанд ярилцсан тул бодит хүн гэж итгэн романс үүсгэж улмаар "компанийн үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна. Ажлын үлдэгдэл төлбөр төлөгдөхөөр чиний мөнгийг хоёр дахин өсгөж өгнө" гэсэнд итгэн иргэн О нь БЗД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банкны салбараас нийт 18 удаагийн 77,300 ам.доллар буюу 231 сая төгрөгийг шилжүүлж залилуулсан байна.

Хохирогч О нь залилуулсан талаараа мэдэгдэж Туркийн Истанбул дах АНУ-ын Консулын газарт имэйл бичиж уг хүний талаар асуутал ийм овог нэртэй хүн байхгүй талаар хариу иржээ.

Олон улсад ROMANCE SCAM гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гаднын хүнтэй сууж баян тансаг амьдарна, гадагшаа явна гэсэн хүсэлдээ автаж, гаднын иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг аж. Харин үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Мөн залилагчид өөртэй нь харьцаж байгаа хүнээ ойр дотнын хүмүүс, найз нөхдөдөө битгий мэдэгдээрэй гэж хүсэж, өөрийнх нь талаарх санхүүгийн талаар сонирхож улмаар мөнгө нэхэх аргыг ашигладаг байна.