Х.Болорчулуун “Гурил”-ын, С.Бямбацогт “Дэд бүтэц”-ийн компанитай байгаа нь ашиг сонирхлын ЗӨРЧИЛ үүсгэж байна

Х.Болорчулуун “Гурил”-ын, С.Бямбацогт “Дэд бүтэц”-ийн компанитай байгаа нь ашиг сонирхлын ЗӨРЧИЛ үүсгэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд шинээр томилогдон ажиллах "УИХ-ын гишүүн сайд" нарын нэрс өчигдөр /2022.08.29/ тодорлоо. Тухайлбал, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар нарын парламентын гишүүд Засгийн газрын танхимд сайдаар томилогдож албан тушаалын "Давхар дээл" нөмөрч байна. 

Харин эдгээр сайдуудын зарим нь өөрөө болон хамаарал бүхий этгээдүүдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн засгийн болоод эдийн засгийн бус “ашиг сонирхол”-ын зөрчилтэй байж болзошгүй байгаа юм. Тодруулбал, энэ талаар “Ашиг сонирхлын тухай” хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэдэг заажээ. 

-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН "ГУРИЛ"-ИЙН, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД С.БЯМБАЦОГТ "ДЭД БҮТЭЦ"-ИЙН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН "31 КОМПАНИ"-ТАЙ БАЙНА-

ТУХАЙЛБАЛ:

  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад яригдаж байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компанийнхаа нэрээр ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч нь тогтоогдож байсан. Өөрөөр хэлбэл Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон тухай мэдээлэл ч гарч байв. Мөн Х.Болорчулуун нь Хишиг Агро ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь мөн л "газар тариалан"-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа юм. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖ харна уу.
  • Зам тээврийн хөгжлийн сайдад яригдаж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Түүний дүү нар болох С.Баянмөнх, С.Баянчулуун, С.Балжинням нарын нэр дээр бүртгэлтэй "Нью прогресс" групп нь монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани юм. Харин тус группийн бодлогыг С.Бямбацогт гишүүн тодорхойлж, түүний дүү нар удирддаг гэх нь бий. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
  • Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдад Б.Бат-Эрдэнэ “Түүний хамаарал бүхий “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон салбар хэд хэдэн спортын сургуулиуд байгаа. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖ харна уу. Сонирхуулахад, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд гэдэг Монгол хэлний үгийн санд ч байхгүй /олимпизм/ нэр томьёо бүхий албан тушаал буюу БШУЯ-наас салбарлаж үе үе гарч ирдэг нэр бүхий орон тоо нь олны дунд ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа аж.
  • Уул уурхайн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Ж.Ганбаатарын хамаарал бүхий Камдер ХХК нь БЗД-ийн 26-р хорооны Тайм тауэр хотхоны орц гарцыг хааж нийтийн эзэмшлийн автозамыг хашаалж барилга барьж талаар одоогоор зөрчилтэй байгаа. Мөн Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК зэрэг компиануудыг эзэмшдэг аж. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖ харна уу.

Ташрамд дурдахад, дээр дурдагдаж буй зарим гишүүдийн хамаарал бүхий компаниуд ЖДҮ, Хөгжлийн банкны зээлтэй холбогдож, улсын хөрөнгө оруулалттай тендер авсан. Төрийн байгууллагуудад бараа бүтээгдэхүүн өндөр үнээр нийлүүлж байсан гэхчлэн баггүй асуудалтай ч өдгөө тус гишүүдийн бус гэр бүл, хамаатан садны нэр дээр бүртгэлтэй болсон байгаа юм. Иймд энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар Засгийн газарт орох нь хууль зөрчиж байж болзошгүй байна.