Залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн үед цахим орчинд ихээр үйлдэгдэх болсон байна. Тодруулбал, 2021 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа аж. Харин 6000 гаруй залилах гэмт хэргийн 1000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа ажээ.
Энэ нь иргэд ихэнх цагийн цахим орчинд цагийг өнгөрүүлэх, аж ахуйн нэгж байгууллагууд интернэтээр ажил үйлчилгээгээ явуулж байгаатай холбоотой юм. Иймд иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг нийтэлж байна.
Манай улсын нэгэн компани /ажил хэргийн нэр хөндөгдөх учир нэрийг нь нууцлав/ ОХУ-ын компанитай цахимаар холбогдож их хэмжээний үнэтэй бараа материаль авахаар гэрээлж, мөнгийг шилжүүлсэн ч одоог хүртэл бараагаа авч чадалгүй залилуулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сар /2021.11/-д Монгол компани нь ОХУ-ын компанитай цахим хаягаар холбогдож 2 сая рубль үнийн дүн бүхий тос худалдан авах гэрээг байгуулж улмаар байгуулсан гэрээний нэхэмжлэлийн дагуу Альфа банк дахь данс руу 2,890,000 рубль буюу 130 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн ч одоог хүртэл захиалсан бараагаа авч чадалгүй залилуулсан хэрэг гарсан байна. Иймд иргэдийг цахим орчинд зохицуулалтгүй, зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийн залилан мэхлэх үйл ажиллагааны хохирогч болохоос сэргийлж сайтар нягтлахыг анхааруулж байна.