Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцох автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Энэ дагуу өнөөдөр /2022.08.29/ сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Энэ зохицуулалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэх юм.
Харин энэхүү хөдөлгөөний хязгаарлалтад "Авто замын засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй" юм.
Тэгвэл тээврийн цагдаагийн алба хаагчид Нийслэлийн засаг даргын дээрх захирамжийг уншаагүй, судлаагүйн улмаас “хязгаарлалтад хамаарахгүй автомашин”-ыг зорчуулахгүй байх, бусадтай маргалдах тохиолдол цөөнгүй гарч байгаа ажээ.
Тухайлбал, Хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл тус хязгаарлалтад орохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 14.2.1-д "Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хэрэгжүүлэхэд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 14.3.1-д "Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлийг зорчуулаагүй алба хаагч өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх ч эрсдэлтэй байгаа юм.