Нийслэлд шөнийн цагаар дуу чимээ ихтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зориулалтын бус автомашины яндантай дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зөрчлийг таслан зогсоох ажлыг Тээврийн цагдаагийн газраас хэрэгжүүлж буй.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулиар 22:00 цагаас хойш олон нийтийн газарт иргэдийн тайван байдлыг алдагдуулах нь хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу оройн цагаар зориулалтын бус яндантай, дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг түр хурааж, Авто тээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураах, зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах аж. Мөн цаашид иргэдийн амгалан байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдтэй хамтарч хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулна гэдгийг ТЦА-наас мэдэгдлээ.