Н.Баярмөнхийн захирамжийн дагуу "Гарааш буулгах" ажилд СӨХ-ны ажилтныг оролцуулж хүний амь насыг хохирсон байж болзошгүй байна

Н.Баярмөнхийн захирамжийн дагуу "Гарааш буулгах" ажилд СӨХ-ны ажилтныг оролцуулж хүний амь насыг хохирсон байж болзошгүй байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 2021 оны гуравдугаар сарын 17 /2022.03.17/-ны өдөр засаг дарга Н.Баярмөнхийн захирамжаар "гэнэтийн хатуу хөл хорио" тогтоож байв. Энэ үеэр тус хорооны Элизабет хотхоны 15 давхраас нэгэн эмэгтэй унаж нас барсан.

Тус хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдсэн ч шүүхийн шийтгэх тогтоолд тухай эмэгтэйг “Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргахаар бэлдэж байсан ч 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоосон тул цагдаад хандаж чадаагүй” талаар дурдсан байдаг. Энэ харамсалтай үйлд явдал Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхийн үндэслэл, судалгаа муутай захирамжтай холбоотой байж болзошгүй байдаг. Тэгвэл энэ сарын 25 /2022.08.25/-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/61 тоот захирамжаар газар чөлөөлөх ажил гүйцэтгэх явцад дахин нэг хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан юм. Иймд манай сурвалжлах баг хэрэг юуны улмаас болсон талаар тодруулахаар хэргийн газрыг зорив.

Хэрэг явдал гарсан газар. 2022.08.26

-ГАРААШ БУУЛГАХ АЖИЛД СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООГООР ТУСЛУУЛАХ ЧИГЛЭЛ ӨГСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭВ- 

Хэрэг явдал энэ сарын 25-ны өдрийн 11 цагийн орчимд болсон бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр бидний мэдэхээр “Цайз зах” орчмын 72-р хотхонд гарсан байна. Холбогдох албанд “гарааш буулгаж байхад хүн тоосгонд дарагдчихлаа” гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн байна. Ингээд хэргийн газарт очиход тус хотхоны ... дугаар байрны ...  тоотод нөхөр, зээгийнхээ хамт амьдардаг 58 настай Ь гэх эмэгтэйн амь нас хохирсон байжээ.

Харин тус хэрэг гармагц Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх өөрийн цахим хуудаснаа “эмгэнэл” илэрхийлсэн.

Тэрээр, “Баянзүрхийн Засаг даргын захирамжаар дүүргийн 16 байршилд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил явагдаж байна. Энэ хүрээнд дүүргийн 40 дүгээр хороонд гарааш чөлөөлж байх явцад эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Хэрэг явдал болсон газар. 2022.08.26

Дээр дурдсанчлан хэрэг тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан гэх ч дүүргийн зүгээс 40 дүгээр хороо хэмээн мэдээлсэн. Үүнийг тодруулбал, 16-р хорооны хэд хэдэн байрыг хувааж шинээр 40 дүгээр хороо болгон өөрчилсөн нь энэ аж. Хэргийн газарт манай сурвалжлах баг очиход хэрэг гарсан газрыг цагдаагийн туузаар тойруулсан байх бөгөөд эргэн тойронд нэлээн хөл хөдөлгөөнтэй байсан юм. Хуучин тоосгон гараашны урдхан талд хүүхдийн тоглоомын талбай, таван давхар хуучны байрнууд байх аж.

Ингээд ойр хавийн оршин суугчдын бидэнд өгсөн мэдээлэлд, “Амиа алдсан эмэгтэй нь хотхоны СӨХ-нд ажилладаг, мөн тус байранд амьдардаг байсан бөгөөд тухайн үед зээгээ дагуулан, гарааш буулгах ажилд туслаж байгаад бетонд даруулсан байж болзошгүй” байгаа гэсэн юм.

Үүнээс харахад “гарааш буулгах” засаг даргын захирамжийн дагуу СӨХ-ын ажилчдыг гарааш буулгах ажилд оролцуулдаг байж болзошгүй байгаа юм. Угтаа бол, харъяа дүүрэг нь гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж нураах ажлыг гүйцэтгүүлж, аюулгүй байдалд нь хяналт тавих ёстой байсан мэт. Гэвч энэ нөхцөл байдал хангагдаагүйн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байж магадгүй байна. 

Хэрэг явдал болсон газар. 2022.08.26