Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим оргил үедээ хүрч байгаатай холбогдуулан энэ сарын 27 /2022.08.27/ буюу ирэх Бямба гаргаас эхлэн есдүгээр сарын 03 /2022.09.03/-ны өдрийг дуустал нийслэлд 08:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.
Ингэхдээ наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1, 3, 5, 7, 9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 28, 30 есдүгээр сарын 01, 03-ны өдрүүдэд 0, 2, 4, 6, 8-аар төгссөн буюу тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хотод мөрдөгдөх тээврийн хэрэгслийн дээрх хязгаарлалтад "зөөврийн ус хангаж, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлийн автомашинууд" орохгүй байх Нийслэлийн засаг даргын А/1117 дугаартай захирамж гарчээ.
Тус захирамжийн 1.2-д “Авто замын засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, сургууль, цэцэрлэгийн хүүхэд болон ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах” захирамжид хамаарахгүй гэжээ.