Шинэчлэлийн гэх тодотголтой одоогийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ажил олгогчдыг төрийн хүнд суртлаас чөлөөлж, олон шатлалт хяналтыг хялбаршуулж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Харамсалтай нь төрийн хүнд суртал, төрийн үйлчилгээг хялбаршуулсан гэж тайлбарлаж байгаа ч үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортлоход олон бэрхшээлтэй тулж, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн тодорхойлолтыг авч чадахгүй олон сар яам тамгын газрын үүдийг сахиж, шийдвэргүй байдалд хүрсэн аж ахуйн нэгжүүд олон байна.
Үүний тод жишээ нь самрын аж ахуй эрхлэгчид. Тэд орон нутагт байгалийн нөөц ашигласны төлбөр болох 1 килограмм самарт 800 төгрөгөөр тооцож татвар төлдөг. Шууд орон нутгийн төсөвт нэмэгдэж байгаа орлого юм. Улсын хэмжээнд нийт 30 гаруй самрын аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Тэд жилд 20 мянган тонн ястай самар орон нутгаас бэлтгэж байгаа гэж үзвэл орон нутгийн төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлж байна.
Үүний дараа улсад буюу Байгаль орчин аялал жуулчлалын яаманд тэмдэгтийн хураамж килограмм тутамд 3000 төгрөг төлдөг. Яаманд ингэснээр 20 мянган тонн самар гэж тооцвол 60 гаруй тэрбум төгрөгийн хураамж төлдөг гэсэн үг.
Жилдээ дээрх аж ахуйн нэгжүүд 20 мянган тонн самрын чөмгийг БНХАУ, болон цөөн хэд нь европ руу гаргаж байгаа. Нэг килограммыг 10 мянган төгрөгөөр тооцвол жилдээ улсад 270 гаруй тэрбум төгрөг орж ирж байна. Валютын урсгал гэсэн үг. Үүгээр аймаг, сумдын олон зуун айл өрх ажилтай орлоготой амьдарч, улсад төдий хэмжээний төсөв бүрдүүлж байгаа. Учир нь, самартай сум орон нутагт амьдарч байгаа айл өрх бүгд самар түүж, сумандаа дээрх компаниудад борлуулдаг. Компаниуд орон нутгаас бэлтгэсэн самрынхаа чөмөгийг гаргаж авахын тулд 50-60 ажилтанд өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулж ажиллуулдаг юм байна.
Ингээд бэлтгэсэн чөмгөө экспортлохын тулд МҮХАҮТ-аас бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт авдаг. Гэтэл танхим сүүлийн хоёр жил аж ахуйн нэгжүүдэд тодорхойлолт гаргаж өгөхгүй удааширч, самрынхныг “боомилж”, бүүр сүүлдээ килограмм тутамд дахин 3000 төгрөгийн хураамж авах тухай асуудал ярьж, яамны төгрөгийн хураамжийг танхим авдаг болгохоор дээр дооргүй гүйж байгаа аж.
МҮХАҮТ бол ТББ гэсэн үг. Гэтэл худалдааг зохицуулж байгаа нэр барьж, улсын төсөвт төвлөрдөг дээрх тэмдэгтийн хураамжийг өөртөө төвлөрүүлэхээр улайрч байна. Хариуцсан албатууд нь аж ахуйн нэгжүүдэд тодорхойлолт гаргаж өгөхгүй, “Манайх шийдэхгүй, БНХАУ-ын тал мэднэ гэж хүртэл хэлсэн байгаа юм. /Утсаар ярьсан баримт бий/.
Хамгийн гайхмаар, харамсалтай зүйл бол зөвхөн самрын гарал үүсэл бус эмийн ургамал, ноос, ноолуур, мах хүртэл МҮХАҮТ-аар дамжиж, тэмдэгтийн хураамж төлөхөөр нударган тохироо оруулахаар зүтгэж байгаа албатууд байна.
Энэ асуудал өнгөрсөн онд мөн үүсч, Засгийн газрын түвшинд яригдаж, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхим тэмдэгтийн хураамж төвлөрүүлэх боломжгүйг мэдэгдэж, шийдвэрлэсэн юм. Гэтэл Засгийн газрын шийдвэрээс дээгүүр эрх ямба эдлэж байгаа МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Аж ахуйн нэгжүүдийг 20 хоног хүлээ” гэж хэлээд тэр хойгуураа төгрөгийн хураамжийг танхим авдаг болгохоор зүтгэж явна.
Аж ахуйн нэгжүүд Ерөнхий сайд өмнөх жилд нь хориглосон шийдвэр гаргачихаад өнөө жил танхим, ТББ-т эрх мэдлийг өгсөн шийдвэр гаргахгүй байх гэдэгт итгэж, самрын чөмгөө хэрхэн хөгзрүүлэхгүй байх талаар арга чаргаа хайж ядаж яваа гэнэ. Учир нь өмнөх жилийн самрын чөмгөө гаргаж чадаагүй аж ахуйн нэгжүүд байгаа юм байна. Гол нь орон нутаг, улсын төсөвт төвлөрдөг их хэмжээний төгрөгийн хураамжийг танхим өөртөө төвлөрүүлж юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Албатуудын зүй бус харилцаа, шийдвэргүй байдлын талаар үргэлжлүүлэн баримт дэлгэж, мэдээлэх болно.