Ховд аймгийн төв Жаргалант суманд энэ сарын 19-ний өдөр хүн барьцаалж, дээрэмдэх зорилгоор бүлэг этгээдүүд хутга тулган авч явсан гэмт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Бүлэглэн хүн барьцаалан их хэмжээний мөнгө нэхсэн байж болзошгүй этгээдүүд Хэнтий аймгийн харъяалалтай хүмүүс байсан нь тогтоогдсон. Харин насны хувьд хамгийн анхаарал татаж байгаа нь 17-19 насны гурав, 55 настай нэг этгээд бүлэглэн уг хэргийг үйлдсэн байдаг. Ингэхдээ тэд Хэнтий аймгаас Ховд аймгийн зорьж очоод өглөөгүүр хохирогч болох Ховд аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхай, Ховд аймгийн “Бадамлах дөл” дулааны станцын захиралын албан тушаалтай Ш-ийг барьцаалан авч одсон байгаа юм. Хохирогчийг өөрийнх нь унаж явсан автомашинд нь суулган Ховдоос гарч Увс аймаг ороод, тэндээсээ Завхан аймгийн Сонгино суманд явж байхад нь манай Цагдаагийн хэсгийн шуурхай ажиллагааны үр дүнд тухайн газар дээр саатуулан баривчилсан байна.
Цагдаагийн байгууллагаас ар гэрийнхнийх нь өгсөн мэдээллийн дагуу шуурхай ажиллаж бүлэг этгээдүүдийг баривчлан Ховд аймгийн 457 дугаар цагдан хорих ангид саатуулан мөрдөн байцаалт явуулж байна.