Өнөөдөр /2022.08.24/-ийн Засгийн газрын хуралдаанаар “Эрэл" болон "Шинэ яармаг" төслүүдийн барьцаа хөрөнгийг нь хураах, албадлагын арга хэмжээ авах чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөө. Ойрын нэг сарын хугацаанд энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр үүрэг авсан гэж Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдэгдсэн.
Тэгвэл “Эрэл” ХХК “угсармал орон сууц”-ны төсөлд 2013 онд 23 сая ам.доллар, 2014 онд 12,1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банк /ХБ/-наас авсан бөгөөд одоо “Эрэл” ХХК-иас 161.9 тэрбум төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гараад байгаа аж. Харин тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэбатын хүү Жаргалан ажилладаг байна.
Мөн “Эрэл” ХХК 83 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй олон тооны барилга, газар болон тоног төхөөрөмжийг Хөгжлийн банкны барьцаанд тавьжээ.
Харин Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ ТӨХК, Нью яармаг хаусинг прожект ХХК нар хамтарч 50 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авсан байна. Харин анхан шатны шүүхээс ТОСК-иас 24.6 тэрбум төгрөг, Нью яармаг хаусинг прожект ХХК-иас 61.2 тэрбум төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гарчээ. Харин тус зээлийн барьцаанд ТОСК-иас дансны орлого, дуусаагүй Буянт-Ухаа-2 хорооллын 40 гаруй ширхэг орон сууц, тус хорооллын газар, тоног төхөөрөмж зэргийг барьцаанд тавьсан байна.
Гэтэл хамгийн ноцтой нь 61.2 тэрбум төгрөгийн өрөнд ороод байгаа Нью яармаг хаусинг прожект ХХК Хөгжлийн банкны зээлийн барьцаанд “ямар ч барьцаа хөрөнгө тавилгүй” зээл авсан байна.
Харин Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан талаар хэвлэлүүд мэдээлдэг. Энэ утгаараа тус зээлд анхнаасаа Х.Баттулга оролцсон байж магадгүй гэдэг. Тэгвэл “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийг Юнайтэдпрожектс Групп 100 хувь эзэмшдэг бөгөөд Юнайтэдпрожектс Группийг Mongolian Properties Investment Holding Pte.Ltd гэх Сингапурын компани 100 хувь эзэмшдэг гэх мэдээлэл байна.