Дарханы замыг "ГАЦААСАН" тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилжээ

Дарханы замыг "ГАЦААСАН" тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилжээ

Засгийн газрын долдугаар сарын 27 /2022.07.27/-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалт болон Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд удааширсантай холбоотой "алдагдсан боломж"-ийн өртгийг тооцоолж, албан тушаалтнуудыг шалгах ажлыг Авлигатай тэмцэх газарт даалгасан.

 Энэ дагуу Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллагаа явуулж зарим албан тушаалтны өрөөнд нэгжлэг хийсэн. Тодруулбал, замын тендерийг хариуцаж байсан тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-амгалан, тус яамны Зам ашиглалтын газрын дарга асан Х.Оргил-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг АТГ шалгаж буй юм.

Мөн өнгөрсөн долоо хоногийн АТГ-ын нэгжлэгтэй холбоотойгоор тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилсан гэх мэдээлэл байна. 

АТГ-аас энэ талаар тайлбар өгөхдөө "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг явуулсан" гэж мэдэгдсэн билээ.