Улсын хэмжээнд жил бүр тариалсан төмс, хүнсний ногоо, жимсний чанар, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ, хяналт шалгалтыг хийдэг.
Энэ сарын 19-ний байдлаар Сэлэнгэ аймаг 56.9 га талбайд тарвас тариалснаас 112 тонныг хураан авч нийслэл болон Дархан-Уул аймагт худалдаалагдах 71 тонн тарвасанд гарал үүслийн гэрчилгээ олгосон. Мөн хоёр дээжид нитрат, пестицидийн үлдэгдэл тодорхойлоход стандартын шаардлага хангаж байна.
Иргэд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд анхаарч, зарим тохиолдолд өөрсдийн багажаар шинжилж байгаа. Түргэвчилсэн багаж алдаа ихтэй байх нь нийтлэг тул стандартын байгууллагаар баталгаажсан багаж ашиглах нь зүйтэй.
Тарвас нь сорт, төрлөөс хамааран харилцан адилгүй өнгө, амт, хэмжээтэй байх боломжтой бөгөөд та дараах зөвлөмжийн хүрээнд тарвас худалдан авахыг зөвлөж байна.
- Гарал үүсэл нь тодорхой, лабораторийн шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн худалдан авах
- Наранд хэт халсан, хадгалалтын горим алдагдсан, ил задгай нөхцөлд худалдаалж буй тарвас худалдан авахаас зайлсхийх
- Стандартын байгууллагаар баталгаажсан гар багаж ашиглах
- Баталгаажсан гар багажаар бүтээгдэхүүнд шинжилгээ хийх явцад шинжилгээний дүн эерэг гарвал тухайн худалдааны газар болон иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлж тус бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авхуулж итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах