Хайгуул хийх, ашиглах ажлууд зогсож, барууны орнуудын хөрөнгө оруулагчид үргэж, "Эгийн гол", "Эрдэнэбүрэн"-ийн усан цахилгаан станцын төсөл удааширч байгаа нь газар нутгаа хамгаалж байгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэдэг боловч, үнэн хэрэгтээ тэд гаднын санхүүжилтээр "хорлон сүйтгэх" ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон.
Тухайлбал, ОХУ-ын иргэн, тагнуулч Е.Симонов, түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нарын мэдээллийг ч ЭНД ДУРДАЖ болно.
-МОНГОЛД НЕФТИЙН ӨРӨМДЛӨГ ХИЙЖ БАЙХАД, ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ТББ ГАДААДЫН КОМПАНИАС САНХҮҮЖИЛТ АВЧ, ТЭМЦЭЛ ХИЙЖ, ЗОГСООСОН" ГЭЖЭЭ-
Тэгвэл энэ долоо хоног /2022.08.15/-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн байгаа юм. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий.
Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Монголын нэгэн аж ахуйн нэгж нефтийн өрөмдлөг хийж байхад нь үндэсний үзэлтэй ТББ очиж зогсоосон.
Хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр яг хилийн цаана нь нефть олборлодог Хятадын компани байсан байгаа юм. Тухайн компанийн санхүүжилтээр улс төрийн акц хийсэн тухай мэдээлэл орж ирсэн. Жагсагчдын цаана заавал нэг зорилго, эсвэл улс эх орноо хорлох агуулга бүхий гаднын санхүүжилт явдаг” гэж мэдэгдсэн юм.
-"ПЕТРО МАТАД" КОМПАНИЙН ГАЗРЫН ТОС ИЛРҮҮЛЭХ ӨРӨМДЛӨГИЙН АЖЛЫГ “БОСОО ХӨХ МОНГОЛ”, “АРД ТҮМНИЙ ШТАБ” ЗЭРЭГ ТББ-УУД НЭГДЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хийгдэж байсан нефтийн хайгуулыг ямар иргэн, иргэний нийгмийн байгууллага /ТББ/-ууд эсэргүүцэж байсан талаар бид судалж үзлээ. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын геологичид ажилладаг "Петро Матад" компани 2019 онд Эрдэнэцагаан сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг "Хашаат" гэх газарт газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлжээ.
Гэтэл тус хайгуулын ажлыг “Босоо Хөх Монгол”, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан”, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Ард түмний штаб” , “Машинтай жагсаал”, “Намгүй Монгол” зэрэг ТББ-ууд нийлэн жагсаал цуглаан хийж эсэргүүцэж байжээ.
Улмаар тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан нарыг "арын хаалгаар гадаадын компанид газар нутгаа ухуулж байна" гэх мэдээллүүдийг гаргаж, нутгийн иргэдийг уриалж байжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны аравдугаар сард тус компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан байна.
-НЕФТИЙН ХАЙГУУЛ ХИЙХЭЭР ОЧООД БАЙСАН КОМПАНИЙГ ХӨӨЖ, ДАЙРАН ОРЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл хайгуулын ажил нь эхлээгүй, тоног төхөөрөмжөө байрлуулаад арав хонож байсан компанийг “үйл ажиллагаагаа зогсоо гадны компани хууль бус олборлолт хийх гэж байна” гэх зэргээр иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байжээ. Иймд "Петро Матад” компани зүгээс “Бид уурхай гаргахгүй, зөвхөн хайгуул хийж, өрөм тавьж байгаа. Мөн сум болон багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Засгийн газрын шийдвэртэй учраас бид шууд хайгуул хийх эрхтэй” гэсэн тайлбарыг өгч байжээ.
Харин иргэний нийгмийн байгууллагууд болон тус сумын иргэдийн зүгээс “Өвөг дээдсийн үеэс хэдэн зуун дамжин нутаглаж, мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн иргэдийнхээ газар нутгийг Засгийн газар шууд шийдчихэж болдог юм уу. Хэн дуртай нь ирж газар нутгийг онгичиж, ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд байвал малчид амьдралаа яаж залгуулах билээ” хэмээн эсэргүүцэж байжээ.
ВИДЕО: Эрдэнэцагаан суманд явагдаж байсан нефтийн хайгуулыг зарим иргэд эсэргүүцэж, хайгуулын талбайд тэмцэл өрнүүлж байжээ. 2019 он
-Х.НЯМБААТАР: ЖАГСАГЧДЫН ЦААНА ЗААВАЛ НЭГ ЗОРИЛГО, ЭСВЭЛ УЛС ЭХ ОРНОО ХОРЛОХ АГУУЛГА БҮХИЙ ГАДНЫН САНХҮҮЖИЛТ ЯВДАГ-
Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хийгдэх байсан нефтийн хайгуулыг эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан иргэний нийгмийн байгууллага /ТББ/ болон тус байгууллагуудын удирдлагуудыг дурдвал, “Босоо Хөх Монгол” ТББ, тэргүүн Г.Ганхуяг, “Уул уурхайгүй Эрдэнэцагаан ТББ”, тэргүүн Ч.Адъяасүрэн, “Намгүй Монгол” хөдөлгөөн, тэргүүн Л.Өнөрчимэг, “Ард түмний штаб”, тэргүүн Б.Жагар зэрэг иргэний нийгмийн байгууллагаас гадна иргэн Б.Даваадорж нарын хүмүүс эсэргүүцэж байжээ.
Сонирхуулахад, дээрх ТББ болон иргэд манай улсад болдог ихэнх эсэргүүцлийн жагсаалд оролцож, заримыг нь зохион байгуулдаг билээ. Тиймээс ч “жагсаалын ченжүүд” гэж нэрлэх нь бий. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн “Эрдэнэцагаан суманд хийгдэх байсан нефтийн хайгуулыг дээрх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гаднын байгууллагаас санхүүжилт авч эсэргүүцэж" байсан байж болзошгүй байна.