Гэрээслэл бичээд сураггүй алга болоод байсан эхнэр, нөхөр хоёрыг олжээ

Гэрээслэл бичээд сураггүй алга болоод байсан эхнэр, нөхөр хоёрыг олжээ

НЭМЭЛТ: 13.50 цагт 

Их хэмжээний мөнгөний өрөнд орсон хосууд гэрээслэл бичээд сураггүй алга болсон талаар  бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруудахад "Өнөөдөр өглөө Гурвансайханаас баривчилсан. Хосууд эрүүл саруул, биеийн байдлын хувьд хэвийн байсан" гэлээ. Тэд Дархан-Уул аймгийн 70 орчим иргэнээс нийт 400 орчим сая төгрөг залилж авсан байж магадгүй хэргийг хуулийн байгууллага шалгаж байна


ЭХНИЙ МЭДЭЭЛЭЛ: 09.00 ЦАГТ 

-ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨНИЙ ӨРӨНД ОРСОН ЭХНЭР, НӨХӨР ХОЁР "ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭД" СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ-

Дархан-Уул аймагт эхнэр нөхөр хоёр сураггүй алга болжээ. Тодруулбал, тус аймгийн 12-р багт оршин суух хаягтай 35 настай эмэгтэй Ү болон түүний нөхөр болох 35 настай А нар нь гэртээ гэрээслэл бичиж үлдээгээд сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа аж.

-ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨНИЙ ӨРИЙГ ТӨЛЖ
ДИЙЛЭХГҮЙ БАЙСАН ГЭВ-

Уг хэрэг явдал аравдугаар сарын 17-ны өдөр гарсан гэх бөгөөд сураггүй алга болсон иргэний ах нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл анх өгчээ. Учир нь эхнэр болох 35 настай Ү гийн төрсөн ах нь сураггүй болсон өдрийн 23 цаг орчимд гэрт нь ороход гэртээ гэрээслэл үлдээгээд автомашинаа унаад алга болсон байсныг мэдсэн аж.

Улмаар цагдаагийн байгууллагад мэдээлэл хүргүүлсэн бөгөөд гэр бүлийн бүх гишүүд хуулийн байгууллагынхантай хамтран тасралтгүй эрэн хайсан ч одоогоор сураг ажиг гараагүй байгаа юм байна.

Их хэмжээний мөнгөний өрөнд орсон эхнэр нөхөр хоёр “Өрөө төлж дийлэхгүй байна, “Ямар ч арга алга” гэх зэрэг утга бүхий зүйл бичиж үлдээсэн байж болзошгүй байгаа аж.

Ийнхүү тэд өөрсдийн эзэмшлийн автомашинаа унаад гэрээсээ гараад өнөөдрийн хүртэл олдоогүй байгаа ба цагдаагийн байгууллагаас Улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

У.УРАНЦЭЦЭГ




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө