"Үндэсний үзэлтэй Ч.Мөнхбаярыг хашраах гэж 10 жилээр ялласан учир хэргийг нууцаас гаргахыг шаардаж байна" гэв

"Үндэсний үзэлтэй Ч.Мөнхбаярыг хашраах гэж 10 жилээр ялласан учир хэргийг нууцаас гаргахыг шаардаж байна" гэв

Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярт гадаадын тагнуултай хамтран ажилласан хэмээн буруутгаж, шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноосон. Үүнтэй холбогдуулан түүний өмгөөлөгч Г.Баасан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч А.Батдорж "Тангнуулын байгууллага хуурамч нотлох баримт үйлдэж, илт хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн. Прокурорын байгууллагад шүүх хурал илт нэг талыг барьж оролцсон. Энэ нь тус байгууллага барьцаанд орсныг илтгэж байна. Мөн шүүгчид нь барьцаанд орсон. Тодруулбал, Хятадын эрх ашгийг хамгаалж Ч.Мөнхбаярт хилсээр 10 жилийн ял оноосныг эсэргүүцэж, нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтийг Засгийн газарт хүргүүлж байна.

Өмгөөлөгч нар тагнуулын байгууллага үндэсний үзэлтэй иргэнийг хашраах гэж зохиомол хэрэг бий болгож, түүндээ нийцүүлэн гадаад улсын нэр барьж, хуурамч баримт бүрдүүлж, гэмт хэргээ нуухын тулд нууцын зэрэглэлд оруулж, БНХАУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд монгол хүнийг хилс хэргээр ялласаныг өмгөөлөгчид бүрэн нотолсон хэмээн үзэж байна. Уг хэргийн нотлох баримт хуурамч болохыг өмгөөлөгч нар 50 гаруй баримтаар гаргаж тавьсан бөгөөд прокурор нэгийг ч үгүйсгэж чадаагүй" гэлээ. 

Харин Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан "Монгол Улсын хуулийн тогтолцоо ямар том гажуудалд орсныг Ч.Мөнхбаярт холбогдуулсан хэргээс харж байна. Шүүх нэг асуудлаар хоёр удаа хуралдахдаа хоёр өөр шийдвэр гаргасан. З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Ж.Болдбаатар гэсэн гурван шүүгч шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй. Бидний гаргасан 50 гаруй фактыг яллагдагч тал няцааж чадаагүй. Шүүгч нар сонсож байгаад гэмт буруутай гэсэн ганцхан өгүүлбэр хэлсэн. Ямар гэм буруутай, ямар хор уршигтай байсан нь тодорхойгүй. Тагнуулыг байгууллагын хуулинд сөрөг тагнуулын үйл ажиллагаа гэдгийг “Монгол Улсын эсрэг гадаадын тагнуулын байгууллага, албадтай хамтран ажилласан үйл ажиллагаа”-г хэлнэ гэж заасан. Хятад улсын эсрэг гэсэн өгүүлбэр огт байхгүй. Гэтэл энэ хүн Хятад улсын эсрэг тагнуул хийсэн гэж Монгол хүнийг эх оронд нь Хятадын эрх ашгийг хамгаалж, яллалаа. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тагнуул, прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавараар, нотлох баримтгүй, хуульгүйгээр Монголын иргэнийг 10 жилийн ял өгсөн. Энэ бол хуулийн байгууллагын бүлэглэсэн гэмт хэрэг. Тиймээс энэ хэргийг ил болгохыг шаардаж байна" гэлээ.