Өнөөдөр /2019.10.17/ гадаадын иргэдийн хэрэг зөрчлийн талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн олон нийтэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол улсад оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 28268 байгааг хэлсэн юм. Үүнээс хоёр улсын харьяалал бүхий 16 улсын 1927 цагаач иргэд байгаа бөгөөд тэдний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж байгаа юм байна.
Хуулийн зохицуулалтаар Монгол улсад оршин суух гадаад иргэдийн тоо нийт хүн амын 3 хувиас илүүгүй байх ёстой гэж заасан байдаг бөгөөд энэ тоо хэвийн хэмжээнд байж чадаж байгааг тэрбээр онцоллоо.
Монгол улсад амьдарч буй нийт гадаад иргэдийн 0.4 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа аж. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоо нийт хүн амын 0.5 хувиас хэтрэхгүйбайх ёстой гэж заагдсан байдаг ба, манай оронд амьдардаг цагаач иргэдийн тоо 0.06 хувьд хүрч байгаа юм байна.
Харин суралцах чиглэлээр Монгол улсад орж ирсэн нийт 39 орны 2970 гадаадын иргэн байна. Энэ тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 28 хувиар нэмэгджээ. МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС гэсэн таван их сургуульд голлон гадаадын оюутнууд ихээр суралцаж байгаа аж.