Г.Ганхуяг иргэнийг дарамталж автомашин нэхсэн, Х.Бээжин 80 сая төгрөг шантаалжилж авсан хэргээр шалгагдаж байна

Г.Ганхуяг иргэнийг дарамталж автомашин нэхсэн, Х.Бээжин 80 сая төгрөг шантаалжилж авсан хэргээр шалгагдаж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байдаг. Энэхүү хуулийн заалтын “Ард түмний мэдэлд” гэдэг заалт нь манай үндсэрхэг үзэлтэй гэж өөрсдийгөө нэрийдэж, ард иргэдийн төлөө, газар шорооныхоо төлөө тэмцэж байна хэмээн нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэдэг нөхдүүдийн гол хэрэглэдэг үг болсоор ирсэн билээ.

Иргэдийн дунд үндсэрхэг үзэлтнүүд хэмээн нэр зүүгээд амжсан төрийн бус байгууллагын үндсэн чиг үүргийн буруугаар ашиглаж ашиг хонжоо олсоор буйд иргэд бухимдалтай хандаж эхлээд байна.

-УУЛ УУРХАЙН ОЛОН КОМПАНИАС ДАРАМТАЛЖ, ШАНТААЖЛАХ АРГААР МӨНГӨ АВСАН НЬ ТОГТООГДСОН-

“Босоо хөх монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Монгол Улсын Харцага Г.Ганхуяг нь ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид хоригдож байгаад улмаар батлан даалтад гарч шалгагдаж байгаа. Учир нь тэрээр “трансжендер” хүнийг дарамдаж автомашин нэхсэн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлснээр тэрээр ганцхан хэрэг холбогдон шалгагдаагүй юм байна.

Тодруулбал, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийг дарамтлан 40 орчим сая төгрөг авсан асуудлаар мөн шалгагдаж байгаа гэх.

Бас нэгэн “эх оронч” Х.Бээжингийн талаар мөн сүүлийн үед цахим орчинд газар дэлхийгээ хамгаалж явсан хүнийг цагдаагаас барьж хорьсон, эх орончийг сулла гэсэн мэдэгдэл гарсныг судлан үзвэл,

тэрээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниас 80 орчим сая төгрөг дарамтлан авсан болох нь тогтоогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж.

Иймээс цагдаагийн алба хаагчид шаардлагатай нотлох баримт цуглуулах үүднээс “Босоо Хөх Монгол” төрийн бус байгууллагын албан өрөөнд энэ сарын 15-ны өдөр  нэгжлэг хийсэн байдаг.

-“ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ОЛЖ БАЙНА” ГЭХ ГОМДОЛ ИРГЭДЭЭС ХӨВӨРСӨӨР-

Тэд байгаль дэлхий, газрын баялгаа бусдаас хамгаалах үүрэг бидэнд байгаа хэмээн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадна, дотны хөрөнгө оруулагчтай компаниуд руу уухайлан дайрч, бичлэг хийн эргээд шантаажилж мөнгө нэхэж олон иргэдийг хохироодог болох нь эцсийн байдлаар тогтоогджээ.

Үнэн хэрэг дээрээ байгалиа хамгаалахаар тэмцэж байна уу гэвэл бас эргэлзээ төрөх үйл явдал сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон билээ.

Мөн Вьетнам засварын газар, Хятад, Солонгос хоолны газруудаар эргэлддэг байсан мөнөөх үндсэрхэг үзэлтнүүд маань жийп хөлөглөн хөдөө орон нутгаар явж уул, уурхайн компаниуд руу хүч түрэмгийлэн дайран орж сүржин мэдэгдэл хийж, өөрсдийгөө орчин цагийн шилийн сайн эрчүүд мэтээр олон нийтэд танилцуулсаар ирсэн байдаг.

Ийнхүү газар нутгаа хамгаалж байгаа эх орончдын үйл хэргийг цагдаагийн байгууллагаас хясан боогдуулан дарамталж байна гэж хэлэх нь олон.  Нөгөө гишүүний хэлдгээр “шодорго” ёс хаана байна гэхчлэн сүржин мэдэгдэл удаа дараа хийж иргэд ч цагдаагийн байгууллагыг хараан зүхэж “эх орончдыг шалгахаа боль”, “сулла” гэж шаардах болсон. Гэвч энэ бүхний цаана чухам юу болж байна вэ гэдэг үнэнийг мэдэх хүн нь цагдаа, прокурор, “эх орончид”, уул уурхайн компанийн ажилчид билээ.

Эх орончдын хэлдэг, ярьдаг, хийдэг зүйл нь ямар нэгэн уул уурхай компани дээр сүрэглэн очоод хүч түрэмгийлэн дайран орж бичлэг хийнэ, бичиг баримтыг шалгана хэмээн дарамталдаг явдал нь олон энгийн иргэдийг чирэгдүүлсээр байна.

Үндсэрхэг үзэлтнүүдийг тавьдаг шаардлага нь бидэнтэй хамтран ажилла үгүй гэвэл олон нийтэд бичлэг, мэдээллийг чинь цацна, нутгийн иргэдийг уриалан үйл ажиллагааг чинь зогсооно гэж сүрдүүлдэг тухай цагдаагийн байгууллагад олон гомдол ирдэг аж.

Хамтран ажиллана гэдэг  үгний цаана мөнгө авч, өөрсддөө ашиг олдог байдлыг таслан зогсоохоор Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Уул, уурхай компани болон орон нутгийн иргэд үйлдвэрлэгч нар луу өлсөглөн чоно шиг дайрч, хүний эрхэнд халдаж, байгууллагын эд хөрөнгө эвдэн сүйтгэж айлган сүрдүүлэх арга хэрэглэж олон иргэнээс мөнгө болон эд зүйл авсан хэрэг нь тогтоогдсон байдаг. Цаашлаад цагдаагийн байгууллагад иргэдээс ирэх гомдол хөвөрсөөр байгаа аж. Тэднийг шалгахгүй байна гэх гомдол хүртэл ирсэн бөгөөд хэрэг бүртгэл нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.




Өнөөдөр бич өдөр

15 цагийн өмнө