ХЭРЭГ: 37 настай иргэнийг лам хувцастай нь хэрцгийгээр алсан байжээ

ХЭРЭГ: 37 настай иргэнийг лам хувцастай нь хэрцгийгээр алсан байжээ

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт лам хувцастай хүн цусандаа хутгалдчихсан байдалтай нас барсан байжээ.

-ТАЛИЙГААЧ ЛАМЫГ ӨӨРИЙНХ НЬ ГЭРТ ХӨНӨӨГӨӨД
ЗУГТСАН БАЙЖЭЭ-

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ. Амь хохирогч нь нэгэн хийдэд суудаг лам байсан бөгөөд хэрэг гарсан өдөр талийгаачийн гэрт олон лам нар цугларч архидан согтуурсан аж.

Ингээд лам нарыг явсаны дараагаар гурван этгээд талийгаачийн гэрт ирсэн байна. Улмаар хохирогчийг олон цаг дэглэж онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэсэн байжээ. Хэрэг үйлдсэн гэх этгээдүүд талийгаачийн гэрийнх нь авдарны тагаар зодож алсан байдалтай байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Талийгаачийг гурван этгээд гэрт нь бүлэглэн хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд талийгаач толгойн зулай хэсэгт хурц иртэй зүйлээр хоёр удаа 9 см зүсэгдсэн шархтай, дагз хэсэгт мөн хоёр удаа 6 см зүсэгдсэн шархтай, зүүн нүдний зовхи, духны урд хэсэг, зүүн хацар, чихний дэлдэнгийн урд хэсэгт тус тус хөхөрч, зулгарсан, тархины суурь яс дух хэсгээрээ бяцарч  цөмөрсөн гэмтэлтэй нас барсан байсан.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 29 ширхэг улаан шонхор тамхины иш, авдарны хугархай хоёр ширхэг, гарын мөр 21 ширхэг зэргийг баримтжуулан авсан байна.

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа аж. Харин хүний амь нас онц хэрцгийгээр бүрэлгээд зугтсан этгээдүүдийг  эрхэлсэн тодорхой ажилгүй Д, Г, Г нар болохыг олж тогтоосон байна.

Улмаар цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилснаар хэрэг гарсан өдрөөс хойш гурван хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх этгээдүүдийг  цагдан хорьж шалгаж буй юм байна.