Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн Их дүйчин өдрийн бүх нийтийн баяр амралтын өдөрт зориулан Бурхан багшийн их эрдэнийн “ринсрэл” буюу чандрыг манай улсад залахаар болсон билээ.
Чандрыг нийт 11 хоногийн турш олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Тэгвэл Энэтхэгийн Хууль зүйн сайд Кирен Рижижу тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Бурхан багшийн ариун сүм бүхий чандрыг авч өчигдөр/2022.06.12/ эх орноосоо гаран, Монголыг зорьжээ.
Кирен Рижижу “Энэ үйл явдал дэлхий дахинд энх тайвны тухай мессеж өгөх болно. Энэтхэг, Монголын найрамдал маш эртний түүхтэй. 2015 онд Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсны дараа хоёр орны харилцаа хөгжих шинэ шатанд гарсан" гэсэн байна.
Чандрыг Гандантэгчинлэн хийдийн нутаг дэвсгэрт байрлах Батцагаан сүмд дэлгэнэ. Өдгөө Энэтхэгийн Үндэсний музейд хадгалагдаж буй Ариун Буддагийн дурсгалууд нь 1898 онд эртний Капилвасту хот гэж үздэг Бихар мужаас анх олдож байжээ.
Эх сурвалж: Business-standard