Бүх Японы аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээн болон Каратегийн олон улсын нээлттэй тэмцээн (International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships) тус улсын нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-нд боллоо.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд 20 орчим орны 30 орчим дожоны 2000 гаруй тамирчин оролцсон. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадын ангилалд жин тус бүрд өрсөлджээ. Ийн Монголын баг тамирчид тус тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль авч, түүхэн амжилтын эзэд болсон байна. Тодруулбал, Орчлон сургуулийн 2Б ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль, 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХ-ны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг хүрэл медаль, 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртсэн юм.
Н.Нэмүний хувьд анх таван настайдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө тулалдаж байсан бөгөөд амжилтаа ахиулсаар өнгөрсөн жил киокушинкай каратэгийн “JOSO Cup-2018” тэмцээнээс хүрэл медал хүртсэн аж. Тэгвэл энэ удаад өөрийн насны ангилалд дэлхийн номер нэг каратечин боллоо.
Э.ОЮУН-ЭРДЭН