Нийслэл хотод хүний хөл хөдөлгөөн ихтэй зам дагуух орон сууцны есөн давхраас эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан аймшигт хэрэг гарчээ.
-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БАЙСАН ЭСЭХИЙГ
НАРИЙВЧЛАН ШАЛГАЖ БАЙНА ГЭВ-
Бид хэргийн газарт очиж сурвалжилга бэлтгэлээ. Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах "Саруул тэнгэр нэг" хотхоны есөн давхраас 30 настай эмэгтэй үсэрсэн гэх мэдээлэл орон сууцны оршин суугчдын дунд түгжээ.
Уг хэрэг аравдугаар сарын 7-8 нд шилжих шөнийн 1 цагийн орчимд гарсан бөгөөд гэр бүлийн таарамжгүй маргаанаас үүдэн эмэгтэй ийнхүү тагтан дээрээс үсэрсэн ажээ. Талийгаач эмэгтэй нөхөр 31 настай Б-тэй маргалдсан гэх шалтгаанаар ийнхүү үсэрч амь насаа алдсан байж болзошгүй байна. Учир хэрэг гарсан өдөр талийгаач эмэгтэй ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх ба нөхөртөйгээ удаан маргалдсаны улмаас үсэрсэн гэх мэдээлэл бидэнд олдсон билээ.
Иймд эмэгтэйн гэр бүлийн хүн болох Б-г цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ. Мөн тус байрны давхарын коридорын цохнууд нээлттэй, ямар нэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тор, хашлага тус газарт татаагүй байсан юм.
Хэргийн газарт очиход ямар нэгэн цус болон ул мөргүй цэвэрлэсэн байсан. Харин есөн давхрын үсэрч нас барсан гэх тоотыг битүүмжилсэн байсан юм.
Дээрх хэргийн талаар хариуцан шалгаж байгаа цагдаагийн байгууллагаас тодруулах гэсэн боловч дөнгөж шалгалтын ажиллагаа эхэлж байгаа учраас ямар нэгэн мэдээлэл ил гаргах боломжгүй. Ямар шалтгаанаар үсэрсэн болохыг нь эцсийн байдлаар тогтоогоогүй байна. Одоогоор хэрэг гарсан өдөр талийгаачтай хамт байсан нөхрийг нь шалгаж байгаа бөгөөд тайлбар мэдүүлэг авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.