“Алтанбулаг” авто замын боомтын орох чиглэлд Монгол Улсын иргэн Ч, А нар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүллээ.
Тэдний зорчин явсан 88-88 УН улсын дугаартай гурван дугуйт мотоцикльд үзлэг хийхэд, 7,62 мм-ийн “АК-103” маркийн автомат буу нэг ширхэг, “Ф-1” маркийн гар гранат нэг ширхэг, “Denix made in spain” маркийн гар гранат нэг, 7,62 мм-ийн хоосон сум 89 ширхэгийг арын тээшний хэсэгт нуусан байжээ.
Дээрх зөрчлийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ илрүүлсэн бөгөөд зохих журмын дагуу Хилийн тагнуулын тасагт шилжүүлжээ.
Сонор сэрэмж, мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж хилийн зөрчил илрүүлсэн “Алтанбулаг” авто замын шалган нэвтрүүлэх заставын тээврийн хэрэгслийн шалгагч, дэд ахлагч Б.Болор-Эрдэнийг ХХЕГ-ын даргын 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн тушаалаар Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр шагналаа.