Орхон аймгийн Цэргийн штабын дарга өрөөндөө буудуулсан байдалтай олдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарч олны анхааралд хүрч байв. Аймгийн Цагдаагийн газрын шуурхай утсанд “Манай дарга өрөөндөө нас барлаа” гэсэн дуудлага өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдрийн 12:30 цагийн орчимд ирсэн байдаг.
Цагдаа нар хэргийн газар очиход Цэргийн штабын дарга Л.Болд өөрийнхөө өрөөнд бууны шархтай нас барсан байсныг тухайн үед бид мэдээлж байсан. Хэрэг гарснаас хойш хуулийнхан уг хэргийг шалгаад хоёр сарын хугацаа өнгөрчээ.
Талийгаач цохон тус газраа бууны шархтай байсныг албан бус эх сурвалжууд хэлж байсан юм. Цэргийн штабын дарга, дэд хурандаа албан өрөөндөө толгойдоо бууны шархтай нас барсан хэргийг хуулийн байгууллагаас гадны нөлөөгүй гэж үзэн хэргийг хаажээ.
Харин ар гэрийнхэн, хамт ажиллаж байсан хүмүүс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.