Муулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хамгаалж байсан сайжруулсан түлш хүний аминд хүрэв үү

Муулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хамгаалж байсан сайжруулсан түлш хүний аминд хүрэв үү

Энэ долоо хоногийн эхээр /2019.10.01 ны өдөр/ хотын дарга С.Амарсайхан сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаа, Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгож байсан удаа бий. Харин нэр төрд нь халдвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хамгаалж байсан сайжруулсан гэх шахмал түлш нь дөрвөн хүний аминд хүрсэн байж болзошгүй байна.

Учир нь нийслэлд баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь  4 иргэн амь насаа алдсан байна.

-НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ-

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис хуралдаж, өнгөрсөн шөнө хуралдсан байна. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас  Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өгчээ.

Тэрбээр "Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэжээ.