Цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж яваад баавгайд бариулсан аав, хүү хоёрыг анх олжээ

Цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж яваад баавгайд бариулсан аав, хүү хоёрыг анх олжээ

-ААВ ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН ИХЭНХ ХЭСЭГ ОЛДООГҮЙ
ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БИЙ
-

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хээр түр оршин сууж байсан иргэд рүү баавгай дайрч аав, хүү хоёрын аминд хүрсэн хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн.

Болсон явдлыг тодруулбал, аравдугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгасан байгаа юм.

Гэтэл баавгайнд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байжээ. Тус мэдээллийг Сэлэнгэ аймгийн жижүүрийн бүрэлдэхүүн авч Газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг гарч хэргийн газарт очиж ажиллажээ. Урьдчилсан байдлаар талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоожээ. Хэргийн газарт байгаа ул мөр, цус мэт зүйлээр бохирлогдсон зүйлүүдийг баримтжуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Уг хэрэг явдлыг талаарх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар буй. Тухайлбал, "Хүүхдийг хаагаар нь ханз татаад газарт булж, аавынх нь хөл олдож. Өөрөө олдоогүй гэх мэтчилэн бичсэн байна. Дээрх хэрэг явдал болохын өмнөхөн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсээс баавгай ихээр үзэгдэх болсон тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байсан байдаг.

Баавгайд бариулан амиа алдсан аав хүү хоёр тухайн газарт алтны уурхай ажиллахгүй байсан тоног төхөөрөмж манаж тэр газарт хэд хонож байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

-МАЛЧИН АЙЛУУДААС ХОЛДУУЛАХ, ХООЛ ХҮНСИЙГ НЬ
ӨӨР ГАЗАРТ АСГАХ АЖИЛ ХИЙЖ БАЙНА-

Одоогийн байдлаар хэрэг явдлыг талаар Сэлэнгэ аймаг Засаг даргын удирдсан шуурхай баг ажиллаж эхэлсэн бөгөөд хуралдаж эрсдэлт цэгүүдэд хамгаалалт тавихаар болоод байгаа аж. Мөн баавгайг иргэд рүү дайрахгүй байх нөхцлөөр хангах үүднээс үргээлэг хийх болон хоол хүнсийг нь өөр газарт байрлуулж байгаа юм байна.

Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж эхлээд буй.

Харин аав, хүү хоёр руу дайрсан баавгайг бариагүй байгаа аж. Харин ОХУ-аас Сиберт ой хээрийн түймэр гарснаас үүдэн баавгай болон зарим ан амьтад дайжин манай улс руу орж ирсэн гэх мэдээлэл тараад байсан. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас лавлахад: Тэр нь үнэн. Гэхдээ хүн рүү дайрч байгаа баавгай нь хар ч байна, хүрэн ч байна гэв.

Энэхүү хэрэг явдлын тухай Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос тодрууллаа.

-Хүн рүү баавгай дайрсан гэх мэдээлэл олныг гайхшруулж байна. Тэрхүү баавгайг барьсан болов уу?

-Иргэн рүү дайрсан гэх баавгайг бариагүй. Барих боломжгүй. Манай улсын хуулиар баавгай агнах юм бол 20 сая төгрөгийн мөнгөн торгуультай байдаг бөгөөд таван жилийн хорих ялтай хэмээн заасан байдаг учраас барьж устгах боломжгүй. Ямар ч байсан бид бүхий л арга хэмжээг авч шуурхай ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн хуулийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллаж байна. Мөн эрсдэлтэй таван цэгт эргүүл гаргасан. Мөн ажиглалт  хийж байна. Харин цаашид хэрхэн ажиллахаа тушаал хүлээж байна" гэсэн юм.