Өнгөрөгч “Playtime” хөгжмийн фестиваль зохион байгуулагдаж байх үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас гэнэтийн шалгалт явуулж, олон удаагийн үйлдэлтэй этгээдүүдийг саатуулсан билээ.
Дээрх хэрэгт холбогдсон этгээдийг шүүх хурал болж, Монгол Улсын иргэн 19 настай Г овогтой Э-д хоёр жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, шүүгдэгч Э нь ЕБС сургууль төгссөн, рок хамтлагт хөгжим тоглодог бөгөөд тэрбээр өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” цогцолборт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 17.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байгаа үйлдэл дээрээ баригдсан байдаг.
Түүнээс баригдсан даруйд цагдаагийн алба хаагчид түүнээс биологийн шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон учир ийнхүү хэрэг үүсгэж, нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм.
Хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д хоёр жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.