УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шүүхийн шийдвэрээр албан үүргээс нь түдгэлзүүлжээ

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шүүхийн шийдвэрээр албан үүргээс нь түдгэлзүүлжээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямааг шүүхийн шийдвэрийг биелүүлж үүрэг ажлаас нь чөлөөлж яллагдагчаар татан шалгаж байна.

Нийслэлийн прокурорын газраас “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалтан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татжээ.

Учир нь түүнийг албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд ял сонсгож, яллагдагчаар татсан байна.

Уг хэргийг шүүх шийдэхдээ “Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 25-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэвч энэ хугацаанд Д.Жигжиднямаа нь УБТЗ ХНН-ийн Замын даргын албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.