Шүүхээс онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээдүүд хутга тулган дээрэм хийжээ

Шүүхээс онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээдүүд хутга тулган дээрэм хийжээ

Удаа дараа дээрэм хийж хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байсан, 2-3 удаагийн ял шийтгэл эдэлж улмаар шүүхээс онц ноцтой гэмт хэрэгтэн хэмээгдэж байсан этгээдүүд дахин шөнийн цагаар айлд нэвтэрч хутган тулган хоёр бурхан хулгайлжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 2019 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс наймдугаар сарын 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үл таних хоёр хүн нэвтэрч, хутга тулган дээрэм хийсэн онц ноцтой хэргийг үйлдэгджээ.

Дээрэм хийсэн этгээдүүд тухайн айлаас 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмджээ. Уг гэмт хэргийг 2-3 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан “Х”, “Б”, “Д” нар бүлэглэн үйлдсэн байна. Тэд дээрэмдсэн бурхнаа ёсдүгээр сарын 06-ны өдөр бусдад зарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч илрүүлсэн аж. Бусдад хутга тулган, бүлэглэн дээрэм хийж авсан бурхдыг бүрэн бүтэн хураан авч хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

Гэмт этгээдүүдийг цагдан хорьсон бөгөөд өөр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нарийвчлан шалгаж байгаа аж.