ШҮҮХ: Д.Гантулгыг гэм, буруутайд тооцож анхан шатны шүүхийн товыг зарлалаа

2019-09-27 12:13

ШҮҮХ: Д.Гантулгыг гэм, буруутайд тооцож анхан шатны шүүхийн товыг зарлалаа

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн шүүхэд өнөөдөр өглөө 10.00 цагт хаалттай эхэлж, дөнгөж сая өндөрлөлөө. Өнөөдрийн хурлаар Д.Гантулгыг гэм буруутай эсэхийг шийдсэн билээ. Өмнөх шүүх хурал нь иргэн Ч.Наранзаяаг 2017 оны зургаан сард хүчиндсэн хэрэг мөрдөн байцаалтын шатанд буцаж шалгагдаж байх үед яллагдагч Д.Гантулга нь дахин Хан-Уул дүүрэгт 2018 оны 11 сард н.Амаржаргал гэх эмэгтэйг хүчндэхийг завдаж биед нь халдсан хэрэг үйлдэж шалгагдаж эхэлсэн. Улмаар яллагдагч Д.Гантулгын үйлдсэн хоёр гэмт хэрэг нэгтгэгдэн шалгагдаж өнөөдөр урьдчилан хэлэлцүүлгийн хурал товлогдсон билээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгыг “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсний дагуу ийнхүү шүүхээр урьдчилан хэлэлцсэн юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар Д.Гантулгыг гэм, буруутайд тооцож анхан шатны шүүх хурлыг аравдугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт товлолоо.

Шүүх хуралдааны дараа Д.Гантулгаас  цөөн хэдэн асуулт асуулаа.

-Та хүчиндэх гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд бусдад 200 сая төгрөгийн хахууль өгсөн гэдэг нь үнэн үү?

- Худал

Тэрбээр үүнээс өөр ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан юм.

2019-09-27 10:46

Д.Гантулгад холбогдох шүүх хурал ХААЛТТАЙ эхэллээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон.  Товлогдсон ёсоор шүүх хурал дөнгөж сая хаалттай эхэллээ. 
 
 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байр