Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт үйлдэгддэг хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлдэг. Үүний цаана олон учир шалтгаан бий. Сэтгэл зүйчид гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг этгээдүүдийг зан байдлын талаас нь тайлбарлахдаа тэднийг бага насандаа өөрөө хүчирхийлэл дунд өссөн, ямар нэгэн хайр халамж мэдэрч байгаагүй учраас хүнд хүйтэн сэтгэлээр ханддаг гэдэг. Мөн байнгын эрхэлдэг ажил хөдөлмөр нь хүчирхийлэлтэй холбоотой байдаг учраас гэр бүлийн хүчирхийлэгч болсоор байдаг гэж тайлбарладаг. Нэг удаа эхнэр хүүхэддээ гар хүрч хүчирхийллийн хэлбэрийн үйлдэл гаргаж байсан бол тэр этгээд дахин тэрхүү үйлдлээ давтсаар байдаг аж. Харин цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл ирмэгц шуурхай ажиллаж хүчирхийлэгчийг 1-6 сар цагдан хорьж, ял шийтгэл эдэлснээр тооцдог. Давтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн бол нэг жилийн хорих ялтай байдаг.
Харин ял шийтгэл эдлээд гарч ирсэн этгээд улам л зэрлэгшиж, өс хонзон тээсээр ирдэг байна. Энэ байдлаас үүдэн эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэгчийн гарт харамсалтайгаар амиа алдсан тохиолдол хэтэрхий олон. Тэд гэр бүл болсон эмэгтэйгээ зодож, хүсэл зоригийнх нь эсрэг зан үйл үйлдүүлж, хорионд байлгах, гадагш гаргахгүй байх, ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй, үл таних хүнтэй хардах зэргээг шалихгүй шалтгаанаас болж зодсоор байдаг.
-АРВАН ЖИЛ ПРОКУРОР АЖИЛТАЙ НӨХРИЙНХӨӨ
ГАРИЙН ШҮҮС БОЛЛОО-
29 настай эмэгтэй С нь арван жилийн сургуулиа төгсөөд О гэгчтэй гэр бүл болж өдгөө 2-7 насны гурван хүүхдийн ээж, аав болсон. Гэр бүл болсноос хойш нэг сарын дараагаас гар хүрч эхэлсэн О нь 10 жил өнгөрсөн ч энэ үйлдлээ гаргаж, хэрцгийгээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсээр. Эл үйлдлийг эмэгтэй тэсэхээ байж цагдаад мэдэгдснээр олон жил нуугдмал үйлдэгдэж байсан гэр бүлийн хүчирхийлэл ил болсон байгаа юм. Түүний нөхөр болох 29 настай О нь олон жил орон нутгийн прокуророор ажилласан нэгэн аж.
Гэхдээ одоо түүнийг удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн сэжигтэн О-г одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагааг эхэлж улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн байна.
-ЦАГДАА НАР ОЧИХОД ЭХНЭР НӨХӨР ХОЁР “ЮУ Ч БОЛООГҮЙ”
ГЭЭД СУУЖ БАЙСАН-
Тухайн хэрэг гарсан өдөр цагдаагийн байгууллагад иргэнээс “Хүүхэд уйлаад байна” гэх дуудлага ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад эхнэр, нөхөр хүүхдүүдийн хамтаар “ Юу ч болоогүй. Хүүхэд уйлаагүй. Зодоон болсон асуудал байхгүй гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчдад хэлсэн аж. Харин дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид дүүргийнхээ цагдаагийн хэлтэс дээр эхнэр, нөхрийг хоёуланг нь аваачиж мэдүүлэг авсан. Энэ үеэр эхнэр нь өмнө нь зоддог байсан тухайгаа уйлж ярьснаар олон жил үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл ил болсон байна. Одоогоор хохирогч эмэгтэйд цагдаагийн байгууллагаас шинжээч томилсон ба шинжилгээний хариу гармагц хэрэгтэнг саатуулан шалгах аж.
Өнөөдөр мөрдөгдөж буй гэр бүлийн тухай хуулийн дагуу сэжигтэнг 7-30 хоног саатуулах заалттай. Сэжигтэнг хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байна.
Эхнэртээ олон жил гар хүрсэн эр хуулийн байгууллагад ажилладаг гэдгээрээ айлган сүрдүүлсээр удсан тухай түүний эхнэр мэдээлжээ. Харин эмэгтэй түүнээс сална гэхэд “Танил хүмүүс олон бий. Чамайг амиа хорлосон болгох энгийн асуудал” хэмээн дарамталдаг байгаа юм.
Хохирогч эмэгтэй олон жил цагдаад хандаагүйн учир нь нөхрөөс ирэх янз бүрийн дарамтаас болсон гэх. Тэрхүү хүчирхийлэгч ганцхан эхнэрээ зодоод ч зогсохгүй гурван хүүхдээ согтуурсан үедээ шөнөөр босгоод зодож, загнадаг хэмээн хохирогч ярьжээ. Мөн эхэндээ согтуурсан үедээ зоддог байсан ч сүүлдээ шалтгаангүйгээр зоддог болжээ. Хохирогч эмэгтэй нөхөртэйгээ ханилсан хугацаандаа 9 удаа үр хөндүүлж байсан.
Хохирогч С: Намайг хашгирах гэхээр ам таглаж байгаад зоддог. Өөрөө л уурлаад хамаг юм аа авч шидээд байдаг. Хүн орж ирээд юу болоод байна гэж асуухаар “Манай эхнэр хамаг юм аа авч шидээд байна” гэж худал хэлдэг. Тэр хүн гараад явмагц үсдээд хана мөргүүлж зоддог. Хүн харахад их номхон дөлгөөн, хүний харцаар хөдөлдөг мэт харагддаг. Бас хүнийг хаана нь зодвол ил гэмтэл учруулахгүй байх вэ? гэдгээ их сайн мэддэг хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
У.УРАНЦЭЦЭГ