ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970 мянга болжээ. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тоо жил ирэх тусам өссөөр байна. Сүүлийн 3 жилд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсноос 150 нь хүүхэд байна.
Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас гурван сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж буй.
Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан.
Тэгвэл энэ удаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Оюутолгой” ХХК хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар болоод байна гэлээ.
Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих, уулзвар нэвтрэхэд эгнээ байр, тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчиж хөндлөн замаас ирсэн тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол уулзвар луу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчдөг, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг, түр ба удаан зогсоход зогсоол талбай байхгүйг мэдсээр байж дахин дахин тойрч явдаг эсвэл зохиомол түгжрэл үүсгэн нэгдүгээр эгнээнд орхидог зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байна. Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлж байгаа аж.
Түүнчлэн ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат дүрэмч бус соёлын дутмаг байдлаас болж олон хүн амь нас эд хөрөнгөөрөө хохирч байна. Соёлын эх нь дүрэм. Иймд “Дураараа биш ээ Дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна хэмээлээ.