Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн үзлэг шалгалтыг зохион байгууллаа. Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлж байна.
Шалгалтыг тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хамтран зохион байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 16 газарт МУ-ын Засгийн газрын 410 дугаар тогтоол “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”, “Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээний байранд тавих шаардлага” MNS 6430:2014 стандарт, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камерын ерөнхий шаардлага” стандарт MNS 6423:2013-уудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил илэрсэн 6 газарт хариуцлага тооцлоо.
Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ шалгалтын үеэр “Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь цагийн хуваарь хэтрүүлэн хүүхэд залуусыг шөнийн цагаар болон хоногоор тоглуулах зөрчил дийлэнх хувийг нь эзэлж байна. Үүнээс шалтгаалж хүүхэд, залуучуудын бие, сэтгэл зүй доройтолд орохоос гадна гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Ялангуяа шөнө оройн цагаар дээрэмдэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байна. Мөн удаа дараа зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлдэггүй нэр бүхий 1 газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр ажиллаж байна” гэж ярьлаа.
Шалгалтын явцад алба хаагчдаас хууль бусаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан нэг газрыг илрүүлэн үйл ажиллагааг хааж шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас мэдээлэв.