Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр Төв аймгаас Налайх руу чиглэсэн салдаг хэсгийн зам тээврийн ноцтой осол гарчээ. Тухайн осол гарсан чиглэлийн замыг хааж улмаар хэмжилт хийн хэргийн газрын үзлэг шалгалт хийснээр нэг орчим цагийн дараа замын хөдөлгөөнийг нээсэн байна.
Ослын газарт замын хойд талд гурав, урд хэсэгт нэг машиныг мөргөж замаас гаргажээ. Иргэдийн хэлж буйгаар "Блок ачсан том оврын машин жижиг тэргүүдийг мөргөн замаас гарган нэг км орчим яваад голын эрэг дээр зогссон. Тухайн машин дээр ачиж явсан блок замаар нэг тарсан тормос нь ажиллагаагүй болсноос л уг осол гарсан байх" хэмээсэн юм.
Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар тодруулахад "Шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор Төв аймаг дахь цагдаагийн хэлтэс ажиллаж байгаа тул хэдэн хүн гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл байхгүй байна" гэв.