Дуучин Б.Амархүүг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорино

Дуучин Б.Амархүүг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорино

Есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү гэрийнхээ гадна зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. 

Б.Амархүүгийн гэр нь Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд өөрийн автомашиндаа / улаан өнгийн бенз / мансуурч байхад нь баривчилсан юм.  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн мөрдөгч нар хуулийн дагуу Б.Амархүүгийн автомашинд болоод гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд үзлэг шалгалтын үеэр түүний гэрээс нь мөн  хар тамхи илэрсэн учраас ийнхүү шууд цагдан хорьсон аж. 

Одоогийн байдлаар дуучин Б.Амархүү Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байгаа. 

Харин өчигдөр үдээс хойш Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж. 

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад “Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны  00.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-нд хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэв.

Б.Амархүү хар тамхи хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь илрүүлж байгаа гэрэл зураг

-ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ЭСРЭГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА МОНГОЛД СУЛ БАЙНА-

Гадаадын ихэнх улсууд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, худалдсан этгээдүүдэд хуулийн чанга, хатуу шийтгэл оногдуулж байна. Тухайлбал манай урд хөрш БНХАУ-д хар тамхи, мансууруулах төрлийн хэрэгт холбогдсон бол бүх насаар нь хорих, эсвэл цаазын ялаар шийтгэж байна. 

Гэтэл дуучин Б.Амархүүд үүсгээд байгаа эрүүгийн хэргийн хуулийн заалтын сийрүүлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.