Бидний дунд цэл залуухан араатан, хар тамхи олохын тулд төрсөн охиноо зардаг ээж, сургуулийн дунд ангийн донтогчид хэтэрхий ойрхон алхаж байна.
-ХАЙР СЭТГЭЛТЭЙ ГЭЖ ИТГҮҮЛЭН ХАР ТАМХИ ЗАРУУЛДАГ БАЙСАН-
Энэ дундаас охидыг өөртөө татаж хайртай гэсээр хамт амьдран улмаар хар тамхи хэрэглүүлээд донтогч болгосныхоо дараа өөрийн хүссэнээр ашигладаг эрэгтэйчүүд олон байдаг аж. Ингэхдээ ядуу айлын охидыг сонгож хамтран амьдарч, тансаг зэрэглэлийн зоогийн газарт оруулж, зугаалуулж, өндөр үнэтэй хувцас хэрэглэлээр эрхлүүлдэг. Ингэж явсаар охиныг өөртөө бүрэн дасгаж хамт эхнэр нөхөр болж амьдарч буй мэтээр итгүүлэн өөрийн хүсэлдээ улам ойртдог байгаа юм. Нэг өдөр БНХАУ руу хуримын өмнөх бэлтгэлээ хийх нэрийдлээр явсан байдаг. Тэндээ очсон хойно үл таних хүнээс хар тамхи авсан болохыг охин мэдсэнээр хэрэг явдал эхэлсэн гэхэд болох аж.
Хар тамхичин эр охинд тухайн үедээ жирийн эм байсан гэдгийг итгүүлэн БНХАУ байхдаа анх түүнд хэрэглүүлсэн байдаг. Өдөр ирэх тусам охинд уух шингэн зүйлд нь, унтаж байхад нь тарих зэргээр донтогч болгож чаджээ. Охин өөрийн хайртай залуу ирээдүйн эр нөхөр гэж бодож явсан хар тамхичин эрийн гараар эргэж буцалтгүй хар тамхины архаг донтон болсон аж. Охин дахин хар тамхи хэрэглэж, мөнгө олохын тулд залуугийн хар тамхийг зөөвөрлөн бусдад зарж борлуулан тэр ч бүү хэл сурталчлан ятгаж хэрэглүүлэгч мэргэжлийн нэгэн болсон байв.
Тэд өнөөдөр 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэн сууна.
-ЭХИЙН НУЛИМСНААС ҮНЭТЭЙ ХАР ТАМХИНЫ ХАМААРАЛ-
Хэргийг тодруулбал, Хэрэгтэн, хар тамхичин эрэгтэй 30 настай Б нь 2017 оноос хар тамхи хэрэглэсэн бөгөөд өөрийн уруу татсан эмэгтэй болох 25 настай М ийн хамтаар урьдаас үгсэн тохирч бүлэглэн их хэмжээний хар тамхийг хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан, Монгол улсын хилээр хар тамхи болон сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэх хэрэгт буруутгагджээ.
Тэдний Үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хойшлуулшгүй ажиллагаа явуулснаар үйлдлийг нь хөдөлшгүй нотлох баримтад үндэслэн дайчлан баривчилжээ. Хар тамхи хэрэглэгч эрэгтэй Б нь удаа дараа 18 хан настай охидыг хуурч мэхлэн хар тамхинд донтуулж байсан нь мөрдөн байцаах ажиллагааны үеэр тогтоогдсон байна.
Харин түүнд уруу татагдаж донтогч болсон эмэгтэй нь удаа дараа хилээр хар тамхи зөөсөн нь тогтоогдсон бөгөөд түүний ээж нь ахиж битгий хэрэглээрэй гэж уйлж гуйсан ч дахин хэрэглэсээр байсан аж.
Хар тамхины хэрэглэгч хүн амьд л болохоос сэтгэл зүрх, өрөвдөж хайрлах нинжин чанар, гэр бүлийнхнийгээ хайрлах хайр ч үгүй тэр чигтээ хар тамхи гэгч хар тахлын хамаарал бүхий этгээд болсон байдаг. Манай улсын хэмжээнд 13-50 насны эмэгтэйчүүд хар тамхины хэрэглэгч байдаг. Эдгээр охид эмэгтэйчүүдээс өөрийн хүслээрээ сонирхон хэрэглэж үзээд хар тамхичин болдог нь ихэнх нь байдаг ч цөөхөн тохиолдолд бусдын ятгалга уруу таталтаас болж хэрэглэгч болсон байдаг. Харин ихэнх эмэгтэйчүүд өөрсдөө нөлөөлөл үйлчилгээ, цаашид гарах үр дагаврыг нь мэдсээр байж дахин хэрэглэсээр байдаг нь эмгэнэл юм.