БАРИМТ: “Залаатын ам”-нд Б.Нямтайшир, Д.Хулан нарын газар эзэмших хугацаа дууссан ч, тэдний орд, харш БАРИГДСААР байна

БАРИМТ: “Залаатын ам”-нд Б.Нямтайшир, Д.Хулан нарын газар эзэмших хугацаа дууссан ч, тэдний орд, харш БАРИГДСААР байна

Дархан цаазат Богдхан уулын “Залаатын ам”-нд МАК-ны эзэн Б.Нямтайшир газар эзэмшиж, тансаг орд харш бүхий барилга, байгууламж барьж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл иргэн бүр газар эзэмших боломжгүй Дархан цаазат Богдхан уулын “Залаатын ам”-нд Б.Нямтайширын гэр бүлийн хэрхэн газар эзэмших болсон талаарх мэдээллийг албаны эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан бэлтгэлээ. 

Б.Нямтайшир, Д.Хулан нар дээр бүртгэлтэй “Монголын алтан аялал” ХХК-ийн “Залаатын ам”-нд ашиглаж буй газар

-Б.НЯМТАЙШИР, ТҮҮНИЙ ЭХНЭР Д.ХУЛАН НАР “ЗАЛААТЫН АМ”-НД ГАЗАР ЭЗЭМШИХИЙН ТУЛД “МОНГОЛЫН АЛТАН АЯЛАЛ”  ГЭХ КОМПАНИ БАЙГУУЛЖЭЭ-

Дархан цаазат Богдхан уулын “Залаатын ам”-нд тансаг орд харш бүхий барилга барьж буй газрыг “Монголын алтан аялал” ХХК 2010 оны аравдугаар сарын 22-ны өдөр “Аялал жуучлалын бааз” байгуулах нэрээр 5 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулж, авчээ.

“Монголын алтан аялал” ХХК-ийн УБЕГ-ын мэдээлэл

Харин “Монголын алтан аялал” ХХК нь МАК-ийн эзэн Б.Нямтайшир болон түүний эхнэр Д.Хулан нарынх аж. Тэд 2009 онд тус компанийг байгуулж, улмаар 2010 онд дээрх газрыг авсан байна. 5 жилийн хугацаатайгаар эзэмшихээр гэрээ байгуулж авсан тус газарт өдгөө Б.Нямтайшир, Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нар буюу Б.Нямтайширын гэр бүлийнхэн тансаг орд, харш бүхий барилга байгууламж барьж буй. Гэтэл дээрх 11.3 га газрын газар эзэмших гэрээний хугацаа 2020 онд дуусчээ.

-Б.НЯМТАЙШИР,  ТҮҮНИЙ ЭХНЭР Д.ХУЛАН НАРЫН ЭЗЭМШИЖ БАЙГАА ГАЗРЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ДУУСЧЭЭ-

Тодруулбал,  “Монголын алтан аялал” ХХК-ийн газар эзэмших гэрээний хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын цахим мэдээллийн санд бүртгэлтэй байна. 

“Монголын алтан аялал” ХХК-ийн газар эзэмших гэрээний хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болжээ

Нэг үгээр хэлбэл, тансаг орд харш бүхий барилга барьж байгаа Б.Нямтайшир, Д.Хулан нар дээрх газрыг эзэмших эрхгүй болсон гэсэн үг. Гэтэл өдгөө барилгын ажил үргэлжилж, хэдийнэ Б.Нямтайширынх болоод буй.

Тэгэхээр гэрээний хугацааг хүчээр сунгаж, тэдэнд өгөх нь гэж ойлгож байна. Харин ямар шалтгаанаар тус газрын гэрээг өнөөг хүртэл сунгаагүй байгаа нь анхаарал татаж буй юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Нямтайшир нар аялал жуулчлалын бааз байгуулна хэмээн гэрээ байгуулж авсан газрынхаа зориулалтыг өөрчилж, өөрсдөдөө тансаг орд харш барьсан тул ийнхүү хугацааг сунгахгүй жил орчим болж байгаа аж.  Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А-328 дугаар тушаалаар олгогдсон дээрх газрын гэрээг цаашид сунгах уу, Б.Нямтайшир нарын “Залаатын ам”-нд барьж байгаа барилга байгууламж үнэхээр аялал жуулчлалын зориулалтаар баригдаж байгаа эсэх талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.