ВИДЕО: Б.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын тансаг орд, харш Дархан цаазат Богдхан уулын аманд сүндэрлэж эхэлжээ

ВИДЕО: Б.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын тансаг орд, харш Дархан цаазат Богдхан уулын аманд сүндэрлэж эхэлжээ

Богдхан уул нь дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар нутаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь тус уулын ам болгонд байшин барилга барьж, тансаглах болсон. Тэгвэл хотын төвөөс хэдхэн км-ын цаана орших Богдхан уулын "Залаатын ам"-нд МАК-ын эзэн Б.Нямтайширын гэр бүлийнхэн хэдийнэ төвхнөж, тансаг орд харшаа гадаадын иргэдээр бариулаад эхэлжээ.

Дархан цаазат Богдхан уулын "Залаатын ам"-нд сүндэрлэж буй Б.Нямтайшир нарын орд харшууд. 2021.11.30

-МАК-ИЙН Б.НЯМТАЙШИР  ХҮҮ Н.НОМТОЙБАЯР, ОХИН Н. ЦЭЛМҮҮН ХОЁРТОО ЗОРИУЛЖ ТАНСАГ ОРД ХАРШ, СПОРТ ЦОГЦОЛБОР БАРИУЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Манай сурвалжлах баг мэдээллийн мөрөөр дархан цаазат Богд уулын "Залаатын ам"-ыг зорьсон юм. Өдгөө УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эзэмших болсон Бага тэнгэрийн амыг өнгөрөөд том бор блокон хашаа барьсан нь Б.Нямтайширын гэх эдлэн аж. Тус газрын хашааны гадна талд Хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах заавар бүхий хэд хэдэн самбар байршуулжээ. Хашааны дотор хоёр талд манаачийн бололтой жижиг байр байх.

Тус байрны зүүн талын манаачийн байрнаас Турк бололтой гадаад хүн гарч ирж, “Хэрэг зориг асууж, дотогш нэвтрэх боломжгүй” гэж анхааруулав. Харин баруун талын жижиг байрнаас Монгол хамгаалагч гарч ирж, “Хоёр хоногийн өмнө ажилд орсон. Ямар нэгэн мэдээлэл байхгүй” гэдгээ учирласан юм.

Тус эдлэн газрын үүд болон дунд хэсэгт гурван давхар бүхий хаус, цаашлаад нэлээд том хэмжээний барилга байх. Түүний урд мөн гурван давхар хаус сүндэрлэжээ. Барилгын гадна талын ажил ерөнхийдөө дуусаж байгаа бололтой. Гэсэн ч барилгын дотор засал хийгдэж байгаа болов уу гэлтэй ажилчид нь нааш цааш явж байгаа харагдав. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, дээрх эдлэнд баригдаж байгаа гурван давхар хаусын хойд талынх нь Н.Номтойбаярынх, дунд тал нь Н.Цэлмүүн, хамгийн урд байрлах хаус нь Б.Нямтайширынх гэх. Харин нэлээд том хэмжээний барилга нь спорт цогцолбор бүх томоохон байгууламж ажээ.

Дархан цаазат Богдхан уулын "Залаатын ам"-нд сүндэрлэж буй Б.Нямтайшир нарын орд харшууд

-ТУРК, КОСОВА УЛСЫН БАРИЛГАЧДЫН ГАРААР СҮНДЭРЛЭЖ БУЙ ТАНСАГ ОРД ХАРШИЙГ Б.НЯМТАЙШИР ОФФШОРЫН МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЮУ-

Залаатын аман сүндэрлэж буй Б.Нямтайшир, Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын орд, харш, барилгуудыг Турк, Косова, Алабан, ОХУ зэрэг улс орны 200 гаруй инженер, техникийн ажилчид, 50 орчим монгол ажилчид барьж байгаа бөгөөд барилгын материалууд нь ч Турк зэрэг Европын орнуудаас ирдэг байна. Барилгын гадна талыг боржин чулуугаар хийсэн бөгөөд нэлээдгүй хөрөнгөөр сүндэрлэж буй энэхүү орд харшийг оффшороор орж ирсэн мөнгөөр барьж байгаа гэх хардлага ч хөвөрч эхэлжээ. 

Монгол Улсын иргэн нь хувийн өмч хөрөнгөтэй байх, түүнийгээ өвлүүлэх эрхтэй. Энэ утгаараа хэн ямар хэмжээний бэл бэнчинтэй байх нь тийм чухал бус.

Харин тусгай хамгаалттай, Дархан цаазат Богдхан уулын "Залаатын ам"-нд хувийн тансаг орд харш барьж байгаа нь анхаарал татаж буй юм. Угтаа Дархан цаазат газар нутагт зөвхөн аялал жуучлалын зорилгоор л газрыг цөөн жилээр эзэмшүүлэх учиртай.

Дархан цаазат Богдхан уулын "Залаатын ам"-нд сүндэрлэж буй Б.Нямтайшир нарын орд харшууд

-ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР НУТАГТ ЗӨВХӨН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ЗОРИЛГООР Л ГАЗРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ УЧИРТАЙ-

Тодруулбал, 1994 оны 11 дүгээр сарын 15-нд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд Дархан цаазат газар, түүний хамгаалалтын бүсэд аялал жуулчлалаас өөр зориулалтаар үйл ажиллагаа явуулж, байшин барилга барихыг хориглосон. Мөн энэ хуулийн 7 зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэсэн байдаг.

Харин Богдхан уулыг 1778 онд Богд хааны зарлигаар дархан цаазат уул болгосон байдаг. Харин дархан цаазат газрын зориулалтыг нь өөрчилж, тансаг орд харш сүндэрлэж буй нь хуульд хэр нийцэх бол.     




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө