Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт 37 настай эмэгтэй Н гэртээ гурав хоног архидан согтуурсны улмаас амьгүй ураг төрүүлсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 7-нд шилжих шөнө "Амгалан" амаржих газарт зулбасан эмэгтэй ирж хэвтсэн тухай дуудлага, мэдээллийг 01.20 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад Н гэх эмэгтэй гэртээ гурав хоног архи уун, бие нь өвдөн хэвтжээ. Энэ хугацаанд хэвлий хэсгээр нь базлан өвдөж, дөрвөн сартай ураг амьгүй зулбасан нь тогтоогдсон байна.
Тэрбээр Яаралтай тусламжийн 103-ын машинаар эмнэлэгт хүргэгдэж, хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.