Өвөрхангай аймгийн …. суманд өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр 17 настай О хэмээх сурагч, 23 настай Б гэгчийн хамтаар дотуур байрнаасаа гараад сураггүй алга болсон байна. Улмаар тэднийг алга болсон өдрийн маргааш охины эцэг, эх болон сумын онцгой комисс хайсан боловч олоогүй ажээ.
Харамсалтай нь арав гаруй хоногийн дараа буюу өнгөрсөн ням гараг /2021.10.31/-т охин болон Б-г нас барсан байдалтай олсон байна. Урьдчилсан байдлаар 23 настай Б нь О-н толгой тус газарт нь буудан хөнөөсний дараа өөрийгөө мөн буудаж, амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Иймд бид эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэргийн мөрөөр сурвалжиллаа.
-ТАЛИЙГААЧ ОХИН ДОТУУР БАЙРНЫХАА ЦОНХООР ГАРСАН БӨГӨӨД ГАДУУР ХУВЦСАА Ч ӨМСӨЛГҮЙ ЯВСАН БАЙЖЭЭ-
Аравдугаар сарын 21-ний өдөр охиныг сургуулийнхаа дотуур байранд байхад нь Б иржээ. Ингээд тэднийг уулзаж байтал багш нь харсан тул охин өрөө рүүгээ буцаж орсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа цонхоороо гарч, Б-ийн мотоциклд суун явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар О нь гадуур хувцасгүй, дотуур байрандаа өмсдөг нимгэн шаахайтайгаа гарчээ. Ингээд О-г алга болсон өдрөөс эхлэн сумын онцгой комисс, эцэг, эх нь хайсан ч үр дүнд хүрээгүй байна.
Гэтэл өнгөрсөн ням гарагт буюу аравдугаар сарын 31-ний өдөр нутгийн иргэн сумын ойролцоох Жаргалантын даваа гэх газар малаа хариулж явахдаа талийгаачдын цогцсыг олж, сумын цагдаад мэдэгджээ.
Дуудлагын дараа сумын цагдаа хэргийн газарт очиж, Өвөрхангай аймгийн төвөөс нэмэлт хүч дуудсан байна. Талийгаач О-н эцэг, эх нь нас дээр гарсан хүмүүс байдаг бөгөөд охиныхоо талаар сонсоод цочролд орж, одоогоор биеийн байдал нь сайнгүй байгаа аж.
Хэрэг үйлдэгдсэн газраас ТОЗ-8 маркийн буу, сум зэргийг илрүүлж, цагдаа нар эзэн нь хэн болох, хэн гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгааг олж тогтоохоор ажиллаж байна. Эх сурвалжийн хэлж буйгаар Б нь ахынхаа бууг нууцаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
-ТЭДНИЙГ ХОЁР ТАЛЫН ЭЦЭГ, ЭХЧҮҮД НЬ ЭСЭРГҮҮЦДЭГ БАЙСАН ГЭВ ҮҮ-
Талийгаач О нь элдэв муу зуршилгүй, сурлага сайтай, нийгмийн идэвхтэй нэгэн байсныг сургуулийнх нь хүүхдүүд хэлж байлаа. Харин найз залуу болох Б нь уурхайд ажиллаж, мал малладаг байжээ.
Тэднийг хоёр талын аав, ээжүүд нь зөвшөөрдөггүй, уулзахыг хориглодог байсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Гэвч чухам ямар шалтгааны улмаас ийм харамсалтай хэрэг болов. Дээр дурдсанчлан урьдчилсан байдлаар 23 настай Б нь О-н толгой тус газарт нь буудан хөнөөсний дараа өөрийгөө мөн буудаж, амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач охин О-н гар утсанд хэрэг болохын өмнө Б-аас “буудна шүү” гэж сүрдүүлсэн агуулгатай зурвас ирж байжээ. Иймд охиныг Б нь сүрдүүлэн авч, гарсан байж болзошгүй байна.
Жич: Иргэдийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс бид тус мэдээллийг нийтэллээ.