Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харъяат Түмэнч овогт Чимэддоржийн Баярсайхан нь өөрийн эхнэр болох 40 настай Ө-г 10 настай хүүхдийнхээ нүдэн дээр хөнөөгөөд зугтсан хэрэг үйлдээд хэргийн газраас зугтсан байдаг.
Хэргийг тодруулбал, есдүгээр сарын 3-4 ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12-р дугаар хороонд байрлах нийтийн байранд Архангай аймагт оршин суух хаягтай эрэгтэй 53 настай Чимэддоржийн Баярсайхан нь согтуурсан үедээ эхнэрийнхээ зүүн хөхний доод талд нэг удаа, цээжний зүүн талын хавирганы нуман хэсэгт нэг удаа тус, тус хутгалсан байна.
Хэрэг үйлдсэн сэжигтэн Түмэнч овогт Чимэддоржийн Баярсайхан нь 1966 оны есдүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байсан.
Ч.Баярсайхан нь хүн амины ноцтой гэмт хэрэг үйлдээд зугтсан бөгөөд оргох үедээ улаан подволк, ногоон өнгийн биеийн тамирын өмдтэй цагаан пүүзтэй явсан гэх мэдээллийг албанаас өгч байсан билээ.
Сэжигтэнг цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж нийслэл хотод самналт явуулсан аж. Мөн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж байсан юм. Харин сэжигтэн Ч.Баярсайхан есдүгээр сарын 7-ний өдрийн 13:30 цагт өөрөө хэрэг гарсан гэртээ ирэх үед нь цагдаагийн албан хаагчид отол хийж байгаад баривчилсан байна. Одоо түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.