Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагчийг дипломат дугаартай автомашинаараа түрж, амь насанд нь заналхийлсэн байж болзошгүй бичлэг цахим сүлжээнд цацагдаад буй.
Харин тус автомашин нь Монгол Улсад суугаа Беларусь улсын элчин сайдын яамны автомашин байсан талаар бид өнөөдөр эх сурвалжуудаас тодруулж мэдээлсэн.
Иймд тус асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Монгол Улсад суугаа Беларусь улсын элчин сайдын яамнаас дээрх асуудалтай холбогдуулж манай яаманд “нот бичиг” ирүүлээд байна. Учир нь дипломат албаны автомашин халдашгүй байх ёстой. Гэтэл тээврийн цагдаагийн алба хаагч тус автомашиныг зогсоох гэсэн байна. Иймд ямар шалтгааны улмаас тус автомашиныг зогсоох болсон зэргийг нь тодруулж, шалгуулахаар ГХЯ-наас ЦЕГ-т “албан хүсэлт”-ийг хүргүүлээд байна” гэсэн мэдээллийг өглөө.