УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан зэрэг гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр/2021.10.27/өргөн барьсан.
Шинэчилсэн найруулгад “Осол гаргаагүй жолоочийг урамшуулах” талаар багтсан нь иргэдийн анхаарлыг багагүй татсан юм. Тэгвэл шинэчилсэн найруулгын бусад зохицуулалтуудыг танилцуулж байна.
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах;
- Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
- Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх;
- Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
- Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
- Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
- Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
- Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг шинэ зохицуулалтуудыг тусгажээ.
Сонирхуулахад, УИХ Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 оны аравдугаар сарын 6-ны өдөр баталж, 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн. Харин жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох ажлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн байна.
Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.