Коронавирусийн дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагдсан 73 настай иргэн нас барсан золгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Эл хэргийн талаар бид сурвалжлахаар талийгаачийн гэрийг зорьв.
Таван ханатай монгол гэрээс уур, утаа савсаж, хашааны гадна олон машин зогссон нь ажил явдал болсныг бэлхэн илтгэх шиг. Талийгаачийн ойр дотныхон хот, хөдөөнөөс цуглажээ. Гэнэтийн байдлаар хайртай хүнээ алдсан тэдний уй гашууд эмгэнэл илэрхийлж, талийгаачийн хүүтэй цөөн хором ярилцлаа.
-ТАЛИЙГААЧ Р-ИЙН ХҮҮ: ХЭВЛЭЛД ЯРИЛЦЛАГА, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД МЭДҮҮЛЖ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН-
-Уучлаарай. Аав нь гэнэтийн байдлаар тэнгэрийн оронд дэвшсэнд эмгэнэл илэрхийлье. Чухам юу болоод аав нь өөд болчихов?
-Баярлалаа. Бид уг нь хэвлэл мэдээлэлд ярилцлага мэдээлэл өгөхгүй гэж цагдаагийн байгууллагад мэдүүлж, гарын үсэг зурсан. Тиймээс нарийн мэдээлэл бол өгөх боломжгүй шүү.
-За. Вакцинд хамрагдах үед үзсэн эмч нь талийгаачийг зүрх судасны өвчтэй, эмчийн хяналтад байдаг талаар мэдээлсэн. Энэ үнэн юм болов уу?
-Үнэн. Манай аав гурван удаа зүрхний хагалгаанд орж байсан.
-Талийгаачийг вакцин хийлгээд нас барсан гэсэн. Нас барсан шалтгааныг тогтоолгож байгаа юу?
-Үгүй ээ. Бид шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Тэгэхээр вакцинаас болоогүй гэсэн үг үү?
-Тийм л байх гэж бодож байна. Аав маань өөрөө гуравдугаар тундаа хамрагдъя гээд ээжтэй хамт өрхийн эмнэлэг явсан. Тэгээд л вакцинаа хийлгэж гарч ирээд нас барсан.
-Та бүхний зүгээс ямар нэгэн хардлага, гомдол байгаа болов уу?
-Одоогоор аавыгаа амар тайван нутаглуулаад, сүнсийг нь амраах ёстой л гэж бодож байгаа. Талийгаачийгаа энэ баасан гарагт нутаглуулна.
-Танай гэр бүлийн хүнээс хэд хоногийн өмнө халдвар илэрсэн. Талийгаачийг халдвар авснаа мэдэхгүй вакцин хийлгэснээс хариу урвал илэрсэн байж болзошгүй талаарх мэдээлэл бий. Энэ талаар тодруулаач?
-Тийм зүйл байхгүй. Манайд одоогоор халдвар авсан хүн байхгүй.
-БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ... ДУГААР ХОРООНЫ ӨРХИЙН ЭМЧ: ТАЛИЙГААЧ ЗҮРХНИЙ БУС БОЛОР СОЛИУЛАХ ХАГАЛГААНД ХОЁР УДАА ОРЖ БАЙСАН-
Бид түүнтэй ийн ярилцсаныхаа дараа талийгаачийн гэрийн хаягт хамаарах өрхийн эмнэлэгт ирэв. Тус хэсгийг хариуцсан өрхийн эмч талийгаач зүрх судасны өвчтэй хяналтад байдаг байсан эсэхийг тодруулахад “Бид холбогдох байгууллагад нь шаардлагатай мэдээллийг нь өгсөн. Талийгаач нь даралт ихсэлт, зүрх судасны архаг дутагдал оношоор манай дээр хянагддаг байсан. Харин зүрхний хагалгаанд орж байсан эсэх бүртгэл бол байхгүй. Харин нүдний болор солиулах хагалгаанд хоёр удаа орсон бүртгэл бий. Гэхдээ цэргийн хүн байсан болохоор Цэргийн төв эмнэлэгт хянагддаг байсан байж болохыг үгүйсгэхгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн сард ирж үзүүлээд, даралтны эмээ бичүүлж авсан” гэх мэдээллийг өгсөн юм. Мөн тэрбээр нэрээ хэлж, зургаа авахуулахыг хүсээгүй тул бид түүний хүсэлтийг хүндэтгэсэн.
-АЛБАНЫХАН ВАКЦИНД ХАМРАГДААД НАС БАРСАН ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ ЯАГААД НУУЦЛАВ-
Үхэж, төрөх нь хорвоогийн жам ч гэлээ цаг бусаар, тэр дундаа дархлаажуулалтад хамрагдаад 30 хүрэхгүй минутын дотор өрхийн эмнэлгийн гадна хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг юутай харуусалтай, юутай эмгэнэлтэй. Хэдийгээр ар гэр нь өнөөдөр энэ талаар асуудал хөндөхгүй байгаа ч тэдэнд битүүхэн харуусал, халаглал, хардлага байгаа нь хүүгийнх нь яриа, хамаатны бололтой ахынх нь хэлж, ярьж байгаа хандлагаас илхэн харагдаж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Монгол Улсын Засгийн газар коронавирусийн дархлаажуулалтаа идэвхжүүлэхээр ажиллаж байгаа энэ үед “Вакциндаа хамрагдсан иргэн нас барлаа” гэх мэдээлэл албаныханд хийгээд ард түмэнд АЙМШИГТАЙ сонсогдож байгаа нь гарцаагүй. Тиймээс ч энэ талаарх мэдээллийг нууцлаж буй бололтой.
Вакцинд хамрагдсан иргэн нас барсан талаарх мэдээллийг бид дархлаажуулалтын эмчээс тодруулах үед Баянзүрх дүүргийн хэвлэл энэ талаарх мэдээллийг өгнө гэх тайлбарыг өгч байсан юм. Харин Баянзүрх дүүргийн хэвлэлийн төлөөлөгч нь Эрүүл мэндийн яам руу, Эрүүл мэндийн яам нь Нийслэлийн Эрүүл мэндийн газар, тэрхүү газар нь албаны даргаа мэдээлэл өгнө хэмээн чулуу хөөлгөж, нарийн мэдээлэл өгөх хүн гараагүй юм. Энэ нь мөн хардлага төрүүлж байсныг нуух юун. Тухайн талийгаач зүрх судасны өвчтэй, түүнээсээ шалтгаалж нас барсан бол нэг хэрэг. Харин түүний үхлийн шалтгаан нь ВАКЦИН байсан бол энд хэн хариуцлага хүлээх вэ, цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа бий юу гэдэг ТОМ асуулт гарах нь дамжиггүй. Ямартай ч дархлаажуулалтаа хамрагдсан 73 настай иргэн вакцин тариулснаас хойш 30 орчим минутын дараа амьсгал хураасан гэдэг л өнөөдрийн цор ганц үнэн болоод байна.