“No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Тэднийг цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, биед нь халдсан зэрэг үндэслэлээр шалгаж байгаа юм.
Тэгвэл иргэн Э.Одбаяр Цагдаагийн Ерөнхий газарт “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19 халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” асуудлыг шалгаж өгөх хүсэлт гаргажээ. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас уг асуудлыг "зөрчлийн шинжтэй" гэж үзсэн байна.
Тодруулбал, түүнд илгээсэн хариу албан бичигт “Танаас гаргасан хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, танилцлаа. Хүсэлтэд дурдагдсан “2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19-ын халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” гэх асуудал нь зөрчлийн шинжтэй байх тул Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн явуулж байна.
Хүсэлтэд дурдагдсан бусад асуудалд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын 2190....... дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн болно” гэжээ.