/2021.10.26/ Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газраас өнгөрсөн есдүгээр сард нийслэлд гарсан онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. НЦУГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал энэ талаар ярихдаа "Энэ оны 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийсэлд 64,1 хувь нь үйлдэгдсэн байна.
Сүүлийн үед бусдын эд зүйлийн хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны хаалганы цоожийг өрөмдөж, дээрэмдсэн 8 гэмт хэрэг бүртгэгдсэн.
Тухайлбал, БЗД-ийн 26-р хороонд байрлах "Дүнжингарав" хотхоны оршин суугчдын хаалгыг өрөмдсөн. Мөн ХУД-ийн "Стар", "Могул", Ривэр гарден" хотхоны айлуудын хаалгыг өрөмдөж эд зүйлийг нь хулгайлж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа бөгөөд сэжиг бүхий этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хотхонууд бүгд харуул хамгаалалттай ч энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа нь харуул хамгаалалтын албыг сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн орон сууцны компаниуд байрнуудын гаднах хяналтын камерын нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэв.