Б.Сүндэръяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хоёр бүсгүйг хүчиндсэн хэрэгт сэжиглэж Ц.Анандбазарыг шалгаж байна уу

Б.Сүндэръяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хоёр бүсгүйг хүчиндсэн хэрэгт сэжиглэж Ц.Анандбазарыг шалгаж байна уу

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татсан. Түүнийг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж эхэлжээ. Хэрвээ хүчингийн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдвол түүнийг нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай аж.

-Ц.АНАНДБАЗАРЫН ХЭРГИЙГ ЦЕГ-ЫН МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНААС ШАЛГАЖ БАЙНА-

Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа юм. Хэрвээ тус албанаас уг хэргийг шалгахад Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл Улсын ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлэх ёстой. Тодруулбал, “Ц.Анандбазарыг шалгахтай холбоотойгоор түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлж өгнө үү” гэх агуулгатай бичгийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлнэ. Үүний дараа Улсын ерөнхий прокуророос Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлэх процесстой юм. Үүний дараа УИХ холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанаараа 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэдэг. Харин одоогоор Мөрдөн байцаах албанаас уг бичгийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлээгүй байгаа юм.

-ИРГЭН Б.СҮНДЭРЪЯАГИЙН ГОМДЛЫГ БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН УУ-

Дээрхээс гадна тус хэрэгтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл байгаа юм. Тодруулбал,иргэн Б.Сүндэръяа өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Анандбазартай холбоотой хүчингийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газарт гомдол Түүний хувьд гурван үндэслэлээр Ц.Анандбазарыг цагдаад шалгуулахаар өгсөн байдаг.

Тэрээр;

  • Нэгдүгээрт, Нэр бүхий ресторанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийнх нь биед халдаж, хүчирхийлэхийг завдсан.
  • Хоёрдугаарт, Хэсэг бүлэг залуус машины зогсоолд дарамталж зургийг нь зөвшөөрөлгүй авсан. Энэ нь Ц.Анандбазартай холбоотой эсэх.
  • Гуравдугаарт, Сэтгэл санаа болон бие мах бодийн дарамт ихээр ирэх болсон нь уг хэрэгтэй холбоотой эсэх зэргийг шалгуулахаар гомдол гаргасан.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Нотлогдоогүй учир түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх магадлалтай аж. Харин түүнийг сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарын хамтран олон нийтэд хүргэсэн “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгт оролцсон хохирогч гэх нэр бүхий бүсгүйчүүдийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, уг нэвтрүүлэгт хохирогч гэх зургаан бүсгүй ярилцлага өгдөг, тэгвэл тэдний хоёрыг хүчиндсэн гэх хэрэгт буруутган түүнийг яллагдагчаар татсан байж болзошгүй байна.