Эхнэрийнхээ амийг хардалтын улмаас аймшигтайгаар хөнөөсөн хэрэг Говь-Алтай аймагт гарчээ. Хэргийг тодруулбал, есдүгээр сарын 4-ний өдрийн 10:15 цагт тус аймгийн Есөнбулан сумын Наран багийн “Замын хүрэн” гэх газарт “эмэгтэй хүн автомашин дотор шатсан байдалтай нас барсан байна” гэх мэдээлэл аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Уг хэргийг шалгахад тус суманд оршин суух хаягтай эмэгтэй 45 настай Б нь өөрийн эзэмшлийн тоёото приус-20 загварын автомашинд гадны нөлөөтэй нас барсан байжээ. Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хуудаснаа гарсанчлан талийгаачийн түүний нөхөр нь “шатахуун дууссан. Шатахуун аваад хүрээд ир” хэмээн байгаа газартаа дуудаж ирүүлж. Харин тухайн үедээ хардалтын улмаас маргалдаж талийгаачийг зодож амь насыг нь бүрэлгээд автомашинд цогцсыг нь хийж галдан шатаажээ.
Эх сурвалжийн ярьж буйгаар, уг хэргийг үйлдсэн хэмээн урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа сэжигтэн М "Нова" маркийн ачааны автомашин барьдаг бөгөөд БНХАУ-ын хил рүү ачаа зөөдөг аж. Харин хэрэг гардаг өдөр ачааны автомашинтайгаа Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан гэв.
Амь хохирогч эмэгтэй нь сэжигтэнтэй өөрийн хоёр охинтой нийлсэн бөгөөд М-тэй хамтран амьдарч байх хугацаандаа нэг хүүтэй болсон байжээ. Сэжигтэн өмнө нь удаа дараа хардаж гар хүрдэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Энэхүү хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа ба түүнийг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор зориудаар автомашин галдан шатаасан гэх хэрэгт буруутган, цагдан хорьж, мөрдөн шалгаж эхэлжээ.