Иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ дараах нэр бүхий хүмүүсийг АТГ-д шалгуулахаар өгч байгаа талаараа мэдээлэл хийж байна.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хотын дарга Д.Сумьяабазар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Х.Нямбаатар, түүний хүү ГХЯ ны ТНБ дарга Н.Анхбаяр, Соёлын яамны ТНБ дарга С.Оюунбилэг, Д.Дагвадорж, Херо Б.Баатар нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж байна гэдгээ мэдэгдлээ. Дээрх хүмүүсийг шалгуулах үндэслэл дараах байдлаар тайлбарлав.
Үүнд:
Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг 2012 оноос эхлэн хууль хяналтын байгууллага шалгаж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч болсноор эл хэрэг түтгэлзсэн. Түүнтэй холбоотой Тавантолгой Гашуунсухайт төмөр замын холбогдолтой 280 сая ам.долларын эрүүгийн хэргийг сэргээх, Сайншандын Аж үйлдвэрийн парк байгуулна гэж их хэмжээний мөнгө авсан асуудал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор олон сая ам.доллар оруулж ирсэн асуудал, Их майдар төсөл зэрэг асуудлаар шалгуулна" гэв. Мөн тэрбээр энэ үеэр "Монголбанкны ерөнхийлөгч ч Х.Баттулгатай хамааралтай. Тиймээс түүнийг солих хэрэгтэй" гэдгийг тодотгов.
Хотын дарга Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний лиценз олгосон. Мөн төрсөн дүү Д.Давгадоржийнхоо эхнэрийнхээ нэр дээр олон сая ам.долларын төсөл авсан. Энэ мөнгөөрөө хаус барьсан. Циркийг нураалгасан.Уг нь концесс нэрээр 5 тэрбум төгрөг идсэн. МАН-ыг сонгосон Сонгинохайрхан дүүргийг Шилдэг дүүрэг болгосон. Нийслэлийн Засаг даргаар ийм увиагүй хүнийг ажиллуулаад байж болохгүй" гэлээ.
Төрийн өмчийн хорооны дарга асан О.Сугар нутгийн дүү Д.Дагвадорждоо Циркийг хууль бусаар өгсөн. Д.Дагвадорж циркийн газрын ойр орчмыг хууль бусаар авсан.
Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ "Би БНХАУ-д гэмт хэрэг үйлдсэн бол тэндээ очоод шалгуулахад бэлэн. Монголын хууль хүчний байгууллага үүнд санаа зоволтгүй. Би өөрийнхөө мөнгөөр машин аваад албандаа унасан. Намайг харлуулах гээд нэмэргүй" гэсэн юм.