Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах цагдаагийн байгууллагын саналыг хүлээж авч, өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг /2021.10.22/-т тогтоол үйлдсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг хүчингийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, ийнхүү шалгахаар болсон гэх мэдээлэл байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас гаргасан дээрх тогтоолын дагуу одоо Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Мөрдөн байцаах албанаас Ц.Анандбазарыг шалгана. Ингэхдээ Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түр түдгэлзүүлж шалгах шаардлагатай байна гэж үзвэл Улсын Ерөнхий прокурор /УЕП/-т албан хүсэлт илгээх ёстой аж. Учир нь "УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хаалт болж буй учир түдгэлзүүлэх бичгийг УИХ-д явуулж, уг асуудлыг хэлэлцүүлж өгнө үү" гэсэн агуулгатай бичгийг өгөх юм. Тэгвэл одоогоор ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас тус бичгийг явуулаагүй байна гэж эх сурвалж мэдээллээ.
Хэрвээ тус бичиг очвол Улсын ерөнхий прокуророос түүнийг түдгэлзүүлэх бичгийг УИХ-д хүргүүлэх нөхцөл бүрдэх аж. Ингээд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх ажээ.
Хуульд: "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. 12.1 дүгээр зүйл. Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.